Main » Files » Бүх мэдээлэл |
Өв залгамжилсан хийгээд цэл залуухан түшээд төр түшиж чадах уу?
2012-07-02, 0:40 AM | |
Манай улс төрд уламжлал гэх үү, эсвэл шинэ үзэгдэл ч гэх юм уу нэг хачин тогтолцоо бий болчихжээ. Тодруулбал, өөрийнхөө хүсэл зоригийг хязгаарлаж, хүүхдүүдээ улс төрд "шургуулдаг” үзэгдэл юм. Өөрөөр ...... .......хэлбэл, улстөрч болно гэдэг нь мэдсэн сурснаараа шигшигдэн гардаг байснаа больж, өв залгамжлан үлддэг жам ёсны тогтолцоо болсон мэт санагдав. Энэ нь саяын болж өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд намуудын нэр дэвшигчдээс бүр ч илүү тод харагдлаа. УИХ-ын гишүүн Б.Батбаяр гэхэд "Би УИХ-д таван удаа нэр дэвшиж дөрөвт нь ялалт байгууллаа. Одоо залуу үедээ зайгаа тавьж өгье” гэж ҮЗХ-ны гишүүддээ мэдэгдээд нэрээ татсан. Гэхдээ тэрээр зөвхөн хүүдээ зайгаа тавьж өгөхийн тулд ийм үйлдэл хийсэн гэдгийг нь жирийн нэгэн ч хараад ойлгохоор байв. Аав нь ийн "зориглосноор” хүү Б.Батбилэг нь намын жагсаалтын 26-д бичигдэж чадсан. УИХ-ын гишүүн Б.Батбаяр нэгэнт ийм тохироог хийж чадсан тул ойрын хэдэн жилдээ улс төрөөс зайгаа авахаа намынхандаа амласан гэх ч сураг дуулдах юм билээ. Тэрээр хүүгээ намын жагсаалтад багтааж чадсанаар сонгуулийн дараа УИХ-д суудаггүй юмаа гэхэд өөр ямар нэг томоохон албан тушаалд очно гэж давхар тооцсон бололтой. Хэдийгээр өнөөдрийн улс төрд оролцох оролцоо нь багассан боловч хүүхдээ дэмнэж буй өөр нэг эрхэм бол 2004-2008 оны парламентад АН-ыг төлөөлөн сууж байсан Р.Бадамдамдин юм. Тэрээр мөн намын жагсаалтын 24-т хүү Б.Баттүвшингээ оруулжээ. МАН-ын гишүүдийн хувьд ч мөн л дээрх жишгийг дагасан. Хөрөнгийн биржийн захирал асан, одоогийн МХЕГ-ын дарга Р.Содхүү охин С.Гэрэлмаагаа их улс төрд аль хэдийнээс сойж байжээ. Тиймээс ч хоёр гурван жилийн өмнө Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны нарийн бичгийн дарга болгосон байх юм. Төрийн алба хашиж байгаа аав нь охиноо намынхаа удирдлагуудад санал болгосон нь ийн ёсоор болсон хэрэг. Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг дурдахгүй өнгөрч болохгүй. Түүнийг Засгийн газрын гишүүн болох үе, бүр түүнээс өмнө нь "Генералын хүү ийм албан тушаалд очихоос яахав” гэх МАН-ын гишүүд байсан юм. Тиймдээ ч МАН дангаараа Засгийн эрхийг авах үед "Аавынхаа ажиллаж байсан салбарыг би мэднэ” гэж хэлээд сайд болсон нь ёстой л сайн эцгийн нэрийг гурав худалдаж идэхийн үлгэр болж яваагийн жишээ. Ш.Отгонбилэгийн агсны хүү Содбилэгийг төр түшилцэхээр сэтгэл шулуудаад байгаа хэмээн намынхан нь "хөөргөдөг” гэсэн. Уг нь гадаадад боловсрол эзэмшсэн өндөр мэдлэгтэй нэгэн боловч улсын хэмжээний томоохон бодлого шийдвэр гаргах төрийн их ажилд арай л "балчирдмаар” санагдахгүй байна гэж үү. Аавыгаа баривчлагдаж, өлсөж байх зуурт олны танил болсон хүн бол Э.Батшугар байв. Тиймээс ч олны танил болсон дээрээ гэсэн шиг МАХН-аас УИХ-д нэр дэвшигчдийн зургадугаарт бичигдэв. Аав Н.Энхбаяр нь шоронгийн өрөөнд өлсгөлөн зарлан, 15 кг хүртэл турж олны анхааралд ингэтлээ их өртөөгүй бол Э.Батшугарыг иргэд төдийлөн мэдэхгүйгээр өнгөрөх байсан. Хүүгээ ийн намынхаа жагсаалтад дээгүүр бичүүлж чадсан нь Н.Энхбаярын өнгөрсөн хугацаанд хийсэн үйдлийн зорилгын нэг хэсэг байж хэмээн ойлгож ч болохоор байгаа юм. Э.Батшугар энэ жил ердөө 25 настай. Улстөрчдөөс гадна нийгэмд танигдсан хүмүүс ч өөрсдөө биш үр хүүхдээ улс төрд оруулж, дараагийн алхмаа тооцож суудаг нь тогтсон хэв маяг болоод байх шиг. Далдын зорилготой аавын хүүхдүүд төр түшиж чадах болов уу. Түмэн олныхоо амьдралыг мэдэж, төрийн жолоог атгалцахад тэд арай балчирдахгүй биш үү. Өнөө жилийн нэр дэвшигчдийн хувьд залуучууд хүч түрэн орж ирж байгаа. Хөгшчүүдийн нам гэгдэх МАН хүртэл нийт нэр дэвшигчдийнхээ дөрөвний нэг хувийг залуучуудын төлөөллөө дэвшүүлсэн байна лээ. Энэ удаад залуучууд нь намын удирдлагуудаа нэлээд шахалтад оруулсан дуулдаж байсан. Гэхдээ тэдний хувьд 76 нэр дэвшигчийн 27 нь залуучуудын төлөөлөл байгаа нь ах намынхан гоомой юм хийгээд байна уу гэж харагдаж байгаа юм. Ууган намынхан 2004 онд гурав, 2008 онд долоон залууг УИХ-д нэр дэвшүүлж байсан бол энэ удаад нэр дэвшигчдийн 27 нь дөчөөс доош насныхан гэгдэж байна. Тэгээд залуучуудын байгууллагын угшилтай нь гэвэл жин дараад эхэлж байгаа юм. Нэг талаас залуучуудаа дэвшүүлсэн нь дэвшилттэй мэт харагдаж байгаа ч нөгөө талдаа тэд төр түших насанд ирсэн гэж үү. Монголчууд уламжлалаараа "Дөч хүрсэн эр, дөрөө дарсан ат” гэдэг. Тэгвэл дөч хүрээгүй залуус энэ төрийг авч чадах болов уу. Сонгогчид энэ тал дээр юу гэж бодож байгаагаа сонгуулийн өдөр дүн тавьж харуулна. Сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Харж л байя даа. | |
Views: 561 | Downloads: 0 | Rating: 0.0/0 |
Total comments: 0 | |