HaRaH

free uCoz templates
Main » Files » Бүх мэдээлэл

USAID-ИЙН ЗӨВЛӨМЖИЙГ БИЕЛҮҮЛСЭН НЬ ...
2011-11-17, 1:48 PM

2fce8c928de76e8be95b10649b5ab8de

Эдүгээ дэлхий дахинаа 120 оронд 3000 гаруй чөлөөт бүс 600 тэрбум ам.долларын экспортын бараа эргэлт


гүйцэтгэж, 50 сая хүнийг ажлын байраар ханган ажилладаг ажээ.  Ер нь бол дэлхийн хэмжээнд чөлөөт бүс гэдгийг энгийнээр туршилтын талбар гэж ойлгодог бөгөөд цөөн үгээр хэлбэл боломжит, эдийн засгийн үр ашиг хүртэх их тайз хэмээн ойлгож болох юм. Сүүлийн үед нэгэн үе зогсонги байдалд байсан манай чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэх хууль эрх зүйн ба дэд бүтцийн ажил ерөнхийдөө цэгцэрсэн агаад өдгөө хөрөнгө оруулалтыг татах нэн чухал ажил бидний өмнө тулгараад байгаа аж. Энэ талаар Чөлөөт бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Х.Ганболдтой ярилцлаа.



-Хоёулаа яриагаа чөлөөт бүсийн өнөөгийн байдлын  талаар эхлэх үү?  

-Ер нь бол долоон жилийн өмнөөс Монгол Улсад чөлөөт бүс байгуулахаар яригдаж эхэлсэн. Хэд хэдэн Засгийн газар дамжлаа. Энэ төслийг явуулахад мэдээж цаг хугацаа нилээд шаардагдсан. Хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх,мастер төлөвлөгөөг зохиох батлуулах, хэрэгжүүлэх,бүсийн дэд бүтцийг бий болгоход хөрөнгө оруулалтыг хийх зэрэг ажил их. Ямар ч гэсэн Засгийн газар Чөлөөт бүсийн зөвлөлийг байгуулж бүсүүдийн бодлогын бодлогыг тодорхойлж ажиллалаа. Зөвлөл нэгд, чөлөөт бүсийн хуулийн хүрээнд бүхий л журмыг гаргаж Засгийн газраар болон холбогдох яам,газраар баталгаажууллаа. Хоёрт, чөлөөт бүсүүдийн мастер болон ерөнхий төлөвлөгөөг хийлгэн заримыг нь Засгийн газраар батлуулж зарим нь холбогдох яамаар хэлэл-цүүлэн Засгийн газраар хэлэлцэхэд бэлэн болгоод байна. Гуравт, Замын-Үүд,болон Алтанбулагийн чөлөөт бүсүүдийн үндсэн дэд бүтцийг бий болгох хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж 2013 он гэхэд бэлэн болгоно. Дөрөвт, төрийн байгууллагын үйлчилгээг үзүүлэх хэлтэс тасгуудыг Захирагчийн Ажлын Албаны дэргэд байгуулсан. /Мэргэжлийн хяналтын,татварын,гаалийн гэх мэт/ Үндсэндээ төр өөрийн хүлээсэн үүргээ болон энэ Засгийн газар чөлөөт бүсүүдэд авах арга хэмжээний тухай мөрийн хөтөлбөрөө биелүүлэх нөхцлөө бүрдүүлчихлээ гэж дүгнэж болно.


-Ингэхэд чөлөөт бүс гэж яг юуг хэлээд байна вэ?

-Чөлөөт бүс гэдгийг Монгол Улсын эдийн засагт ихээхэн үр дүн авчрахаар төсөл бас шинэ технологи ноу хау нутагшуулах талбар гэж товчхондоо ойлгож болно. Эдийн засгийн тааламжтай орчин бий болгосноор импортыг орлосон мөн экспортыг нэмэгдүүлсэн нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ажлын байр бий болгож төвлөрлийг сааруулж шинэ хот суурин бий болгоно.


 


-Хөрөнгө оруулалтыг татах ямар тодорхой эрхзүйн орчинбий болгов? 

-Тухайлбал, Чөлөөт бүсийнхээ тухай хуулийг баталчихлаа, "Замын-Үүд”, "Алтанбулаг”, "Цагааннуур” чөлөөт бүсийн эрхзүйн байдлын тухай хуулиа баталчихлаа. Чөлөөт бүсэд  шалган нэвтрэх хялбарчилсан журам, Гаалийн горим хэрэгжүүлэх журам, Чөлөөт бүсэд виз олгох тухай хялбарчилсан журам,  Монгол Улсын иргэн, гадаадын харьяалалгүй иргэн орших суух тухай журам бэлэн болчихсон. Саяхан Улсын бүртгэлийн газартай хамтраад чөлөөт бүсэд аж ахуй нэгжийн бүртгэлийг хөнгөвчлөх журмуудаа боловсруулчихлаа. Өөрөөр хэлбэл төрийн зүгээс хийгдэх ёстой зургаан журам бэлэн болчихсон гэж ойлгож болно.



-Хөрөнгө оруулалт ямар хэмжээнд байгаа вэ?

-Өнгөрсөн 2009 болон 2010 онд Засгийн газар болон Тэргүүн шадар сайдын дэмжлэгээр 5,6 тэрбум төгрөг мөн БНХАУ-ын хөнгөлттэй зээлээс Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөлд 58,0 сая ам.долларын /70,0 гаруй тэрбум төгрөг/ хөрөнгө оруулалт хийгээд байна. 2011 онд 8,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөөд байгаа.  Улсын төсвөөс оруулж байгаа хөрөнгийг ерөнхийд нь бодлогоор "Алтанбулаг” чөлөөт бүс рүү оруулж байгаа.



-Яагаад Алтанбулагийг онцолж байгаа юм бэ?

-Хэдийгээр манай улсад гурван чөлөөт бүс байгаа ч эхний ээлжинд урд, хойд хоёр хил дээр байгаа бүсээ босгох нь зүйтэй гэсэн бодлогыг барьж байгаа. Тодруулбал, Алтанбулагийн худалдааны чөлөөт бүс, Замын-Үүдийн эдийн засгийн бүс гэсэн үг шүү дээ. Ташрамд өгүүлэхэд бидэнд нэг хүндрэл бийг нуугаад яахав. 

-Дэд бүтцийн асуудлаа шийдчихсэн. Хууль эрхзүйн орчноо зохицуулчихсан байхад гараад байдаг ямар хүндрэл байдаг хэрэг вэ?

-Жишээ нь, Алтанбулагийн чөлөөт бүсийн дэд бүтцийн асуудлыг шийдэхдээ Алтанбулаг сумын асуудлыг шийднэ. Ний нуугүй хэлэхэд энэ нь бидэнд ихээхэн ачаалал өгдөг. Чөлөөт бүсэд нэлээд их хэмжээний мөнгө орж ирж байгаа юм шиг харагддаг боловч тухайн орон нутгийн асуудлыг нь хамт шийдэж  явдаг гэсэн үг л дээ. 

-Ингэхэд Замын-Үүдийн дэд бүтцийн ажил хэзээ дуусах вэ. Өөрөөр хэлбэл хэзээ бүрэн хэмжээгээр үйл ажиллагаа явуулж эхлэх вэ?

-Замын-Үүдийн чөлөөт бүсийн дэд бүтцийн төсөл 2012 оны сүүл 2013 оны эхэнд бүрэн хэрэгжиж дуусна. Нэг үгээр хэлбэл 2013 он гэхэд Замын-Үүдийн чөлөөт бүсийн үндсэн дэд бүтэц бий болж дуусна гэж байгаа юм. Алтанбулагийн хувьд ч адилхан. Төр, засгийн хувьд хууль эрх зүйн актууд, чөлөөт бүсийн бүтцийн  хөрөнгө оруулалтаа хийчихсэн гээд бодохоор ерөнхийдөө төрөөс хамаарах үндсэн нөхцөлүүдээ хангачихаж байгаа юм. 2005 онд USAID судалгаа явуулж таван зүйл, 12 заалт бүхий зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлсэн байдаг юм. USAID -ийн зөвлөмжийг  90 гаруй хувьтай биелүүлсэн. Энэ олон улсын байгууллагын зөвлөмжийг биелүүлснээр Монгол Улсад чөлөөт бүс байгуулах үндэс бий боллоо гэж дүгнэж болно.  Дараагийн ажил болох  гадаад, дотоодын бодитой хөрөнгө оруулалт. хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтанд ч төр анхаарлаа хандуулан ажиллаж байна. Тэр утгаараа 2011 оны тавдугаар сард бид Улаанбаатар хотод "Чөлөөт бүсүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын форум”-ыг зохион байгуулахаар ажиллаж байна.



-Форумаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Нэгд, төр засаг чөлөөт бүсэд хөрөнгө оруулагчид, энэ чиглэлийн мэргэжлийн байгууллага, мэргэжилтэнг сонсох. Тухайлбал хөрөнгө оруулагчид төрөөс авах арга хэмжээний талаар өөр ямар санаатай байна вэ гэдэг талаар бодлогын түвшинд ярилцах  юм. Хоёрт, хөрөнгө оруулагчдыг манай чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулахыг уриалах. Гуравт гадаадын томоохон хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч, худалдааны компаниудыг дотоодын аж ахуйн нэгжтэй холбох зорилготой ажиллаж байгаа.



-Гадны хөрөнгө оруулагч гэхээр хятад, оросууд ороод ирнэ гээд иргэд таагүй ханддаг, харддаг байдал ажиглагддаг. Ингэхэд гуравдагч орноос санал тавьж байна уу?

-Сонирхол бол бий. Ялангуяа чөлөөт бүсэд бизнес эрхлээд сурчихсан, туршлагатай, томоохон аж ахуйн нэгжүүд. Дэлхийн улс орнуудын чөлөөт бүсэд хөрөнгө оруулж үйл ажиллагаа явуулаад, тэндээсээ эдийн засгийнхаа үр дүнг аваад сурчихсан аж ахуйн нэгжүүд манайхыг сонирхож байна. Бусад чөлөөт бүсүүдийн олонх нь далайн эрэг дээр байдаг юм. Манай чөлөөт бүс эх газарт байдаг гэдгээрээ онцгой шүү дээ. Дээрээс нь хоёр их гүрний дунд байдаг. Энэ талаас нь харахад сул тал байгаа. Эндээс яаж сайн талыг нь олж, ашиг орлого олж авахаа тухайн хөрөнгө оруулж буй аж ахуйн нэгжүүд сайн тооцож орж ирнэ л дээ. Түүнээс гадна Монгол Улсын давуу талууд их шүү дээ. Тухайлбал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, эдийн засаг нь нээлттэй чөлөөтэйгөөс гадна боловсролтой  орон. Мөн сүүлийн үед Монголын улстөр тогтвортой байгаа нь гадныхны сонирхолыг их татаж байгаа. Үүнээс гадна сүүлийн үед уул уурхайн үйлдвэрлэл хөгжиж буй нь манай чөлөөт бүсийг гадныхан сонирхох том шалтгаан болж байна. Уул уурхайн үйлдвэртэй уялдуулаад томоохон хэмжээний дэд бүтцийн барилга байгууламж нэмэгдэж байгаа нь ихээхэн сонирхолыг нь татаж байна. Ялангуяа Оюутолгой-Чойбалсангаар гарах хэвтээ тэнхлэгийн төмөр замын төсөл арга хэмжээ батлагдсанаар манай чөлөөт бүсийг сонирхох сонирхол мэдэгдэхүйц нэмэгдсэн. Нэг ёсондоо дэд бүтэц үнэхээр сайн хөгжчихвөл урд, хойд хоёр хөрш маань хязгааргүй том зах зээлтэй, мөн манай босоо төмөр зам бол азийн хамгийн богино төмөр зам, дээр нь европын холбоо манай улсад үйлдвэрлэсэн 7200 нэр төрлийн барааг хөнгөлттэй нөхцөлөөр оруулдаг нь гадныхны сонирхлыг соронз мэт татаж буй нь ажиглагдаж байна. Дээр нь уул уурхайн үйлдвэрлэлүүдийг хангах шаардлага тулгарч эхэлсэн. Гутал, хувцас, техник, хэрэгсэл  гээд өчнөөн олон төрлийн бүтээгдэхүүн импортоор орж ирдэг. Эдгээрийг чөлөөт бүс дээр үйлдвэрлэх нь давуу тал шүү дээ. Шаардлага ч байна. Түүнчлэн экспортын барааг нэмэгдүүлэхэд ч нэмэртэй. Мэдээжийн хэрэг хөрөнгө оруулалтын тал дээр хоёр   хөрш гүрний бизнесмэн давамгайлах ч бусад орнуудын чөлөөт бүсээс эдийн засгийн үр дүн амссан улс орнууд гарцаа байхгүй орж ирнэ.



-Зарим хэвлэлээр Чөлөөт бүс чөдөртэй гэх юм энэ талаар?

-Чөлөөт бүсүүдэд ямар ажил хийсэн, хийгдэж байгаа талаар танд тодорхой хэллээ. Тэгэхээр босгож байгаа ажлаа гадагш дотогш ингэж ярих нь буруу. Ингээд байвал хэн бидэнд хөрөнгө оруулна гэж ирэх вэ дээ. Харин ч энэ Засгийн газар олон засгийн газрын үед шийдэж чадаагүй ажлыг шийдлээ.

Бид болж байгаа зүйлээ болохгүй байгаа мэт эсвэл хийсэн бүтээсэн зүйлээ юу ч хийгээгүй бүтээгээгүй мэт ярьдаг, олон түмэнд ойлгуулдаг тамын тогооны үлгэрээсээ л салах хэрэгтэй байна даа.

Category: Бүх мэдээлэл | Added by: HaRaH
Views: 739 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]