HaRaH

free uCoz templates
Main » Files » Бүх мэдээлэл

ТЭДНИЙГ АЙДАС НЬ ДИЙЛЭВ БОЛОЛТОЙ
2012-01-06, 2:10 PM

"Уйлах хүүхдийн хошного урьд өдрөө умалзана” гэдэг дээ. Хагас жилийн дараа сонгуулийн дүн гарахад "Ингэх гээд байсан юм” гэж халаглахад багадахаар үйлдлийг Ардчилсан нам өчигдөр хийсэн юм биш байгаа? Энэ бол сонгууль угтсан, цэвэр улс төрийн шоу гэдэг нь хэнд ч ойлгомжтой. АН-ын удирдлагууд ч үүнийг ил тод мэдэгдлээ. Гэвч ингэвэл тэгнэ, тэгвэл ингэнэ гэж мэргэлээд өгдөг Ванга гуай байх биш, хар толгойдоо эрхбиш нэгийг зөгнөөд хаалгаа савав. Тэд өөрсдөө энэ алхамдаа ихэд итгэлтэй харагдахыг хичээх нь дамжиггүй. Айвал бүү хий, АН айгаагүй юм шиг л явсан нь дээр.

Засгийн газрын хамтралыг задалбал ялна гэсэн магадлал АН-ын цээжинд байгаа тооцоо. Засгийн газарт ажилласан чигтээ сонгуульд өрсөлдвөл хамтран зүтгэж асан МАН-даа ялагдана гэсэн төсөөлөл АН-ыг сөрөг хүчний төрхөмд буцаалаа. АН-ыг айдас нь дийлж орхив. Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш АН явна, сална гэсэн мессеж байсхийгээд тархсаар ирсэн боловч улс төрд улиглаж л байдаг ээлжит цуу болж замхарсан гурван жил хагас ард үлдлээ. Тавантолгой, Оюутолгой гэх мэт зогсонги байсан эдийн засгийн төслүүд амилсан, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт ахиц дэвшил гарсан, хамгийн сүүлд Сонгуулийн тухай хуулиа шинэчилсэн гээд МАН, АН хоёрын гар нийлж, хамтдаа олон ажлын ард гарч чадсан жишээ баримт цөөнгүй бий.

Харин сонгуулийн жилтэй золгосон даруйд нөхцөл байдал алга урвуулах аятай амархан бишдэв. Ерөнхий сайд С.Батболд "Засгийн газар мөрийн хөтөлбөрийнхөө 80 хувийг биелүүлчихээд байхад яах нь вэ дээ...” гэж өнөөдөртөө нэг танхимд данстай яваа сайд нартаа харууслын үг дайж байна. АН Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарч байгаагаа "түүхэн шийдвэр” хэмээн онцолжээ. Сонгуулийн бэлтгэл базаахын тулд сөрөг хүчний дүрд тоглох болсноо ийн сүржин зарлаад яах ч юм билээ. Гэвч Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс биелээгүй үлдсэн 20 хувь дээр сөрөг тоглолт хийхэд зургаан сарын 180 хоног АН-ын хувьд "түүхэн” хугацаа ч байж болох. Улс төрийн зөвшилцлөөр хамтарсан Засгийн газар байгуулсны хүчинд Монгол Улс ямар ололт амссаныг онцлох хүн АН-д бас байгаа л юм. Харин амжилтыг нь АН-аас улбаатай гээд, алдааг нь МАН-аас хайх хандлага ажиглагдаж л байна.

Харин Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгын хэлж байгаагаас үзвэл АН хамтарсан Засгийн газрын үед хийсэн ажил, хүрсэн амжилт бүхнээ гаргуунд хаях бололтой. МАН-тай хамтарч лоозон өргөөд л явснаас биш, бодитой ажил хийсэн юмгүй дэмий шахам сууж байгаад АН Засгийн газраас гарах болсон ч юм шиг зүйлийг Х.Баттулга хэлнэ лээ. АН Засгийн газраас гарах шийдвэрийн тухайд Ерөнхий сайдын хувьд МАНын дарга С.Батболд байр сууриа илэрхийлснээс биш, МАН-ын удирдлага дахь бусад эрхмүүд ямар нэгэн мэдэгдэл хараахан хийгээгүй байна. Гэхдээ МАНынхан хамтрагчаа Засгийн газраас гарна гэсэн мэдээлэлтэйгээр энэ оныг угтацгаасан юм билээ. "Цагаан сарын өмнө л ийм явдал болно гэж хүлээж байлаа” гэж МАН-ын удирдлагад ойр эх сурвалж хэлж байна.

Лхагва гаригийн үдэш АН-ын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайдад Засгийн газраас гарахаар шийдэж байгаагаа дуулгасан. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх мягмар гаригийн үдэд С.Батболдтой Төрийн ордон дахь өрөөнд нь ганцаарчлан уулзсан. Тэгэхээр С.Батболд, У.Хүрэлсүх нар Н.Алтанхуяг маргааш нь юу ярьж орж ирэхийг өмнөх өдөр нь мэдэж байсан болов уу. МАНын дарга нарын хооронд Засгийн газраа даруй бүрдүүлэх, АН-ын зургаан сайд, мөн зургаан дэд сайдын оронд ямар хүмүүсийг томилох талаар хэдийнэ хэлэлцээд эхэлсэн нь гарцаагүй.

Одоогоор МАН-ын хоёрдугаар ээлжийн сайд нарын нэрс сонсогдож эхлээгүй боловч энэ томилгоог генсек У.Хүрэлсүх гартаа авна хэмээн ажиглагчид үзэж байна. Магадгүй, өнгөрсөн сарын 28-нд төрийн албаа хүлээлгэн өгсөн МАН-ын угшилтай залуусаас ч сайд төрөө бил үү. Засгийн газар задрах үйл явц улс төрийн хамгийн том хоёр намын хувьд улс оронд үүсэх эрсдэлээс илүү хохирол авчрахгүй. Нам ямар эх орон биш. Намууд, улстөрчид ямар ч эрсдэлийг овжноор ашиглаж, яаж ийгээд аятайхан пиар хийж дөнгөнө, гайгүй. Харин эндээс иргэдэд хожил ирэх нь юу л бол.

АН сонгуулиар ялагдаж магадгүй гэж айгаад, сөрөг хүчний талбарт цолоо дуудуулахаар одож, МАН нь сайд нарынхаа тоог олшруулж, залуу улстөрчдөө сонгогчдод таниулаад авна. Улмаар сонгууль хүртэл УИХ-ын танхимд улстөржсөн хэрүүл үргэлжилнэ. Ийм л байсан. Наана нь талцаж байж л аль нам, хэн гэдэг улстөрч болохоо таниулдаг гэнэ. Ингэхгүй л бол сонгууль болдоггүй гэсэн гаргалгааг АН хийсэн. Энэ нь сонгогчид МАН, АН-ыг хооронд нь ялгаж, зүсэлдэггүй тэнэг хэмээн басамжилсан хэрэг биш гэж үү? АН хаашаа алхсаныг, юугаа гээж, ямрыг хайсныг, сэв цөв хэнийх нь нүүрэнд нь наалдсаныг удахгүй, ердөө зургаан сарын дараа болох УИХ-ын ээлжит сонгууль харуулах биз ээ.
Category: Бүх мэдээлэл | Added by: HaRaH
Views: 475 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]