HaRaH

free uCoz templates
Main » Files » Бүх мэдээлэл

Тавантолгойд зэхсэн КРЕМЛИЙН “БЭЛЭГ”
2012-01-06, 2:12 PM
Тавантолгойн нүүрсний ордын Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж хамтран ажиллахаар шалгарсан компаниудтай хийж буй хэлэлцээ мухардмал байдлаас гаралгүй шинэ онтой золголоо. Өмнөх хэлэлцээний дүнд ОХУ-ын "Оросын төмөр зам” нэгтгэлээр удирдуулсан Японы "Сүмитомо”, "Иточү”, "Марүбэни” компаниуд, БНСУ-ын "Корес” группээр ахлуулсан 11 компанийн нэгдэл өөрт ногдсон хувь хэмжээгээ чамласнаар ийн тендер буцаж, хагас жил гаруйн турш дуншсаар байгаа юм. Засгийн газар өнгөрсөн оны зургаадугаар сард өндөрлөсөн хэлэлцээний дүнд БНХАУ-ын "Шинхуа” группэд 40, АНУ-ын "Пибоди”-д 24, ОХУ, Монгол Улсын хамтарсан консорциумд 36 хувийг (18:18) хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Оросын тал 18 хувиа бага хэмээн заалдаж, хэлэлцээний ширээнд эргэж суухдаа Монголын Засгийн газарт хатуухан болзол тулгах болжээ. Хэлэлцээнд оролцогч Америк, Хятадын талуудын хувьд Баруун Цанхийн гэрээг Монголын Засгийн газраас зарласан хувь хэмжээгээр байгуулахад огт татгалзсан зүйлгүй гэдгээ илэрхийлж байгаа аж.

"Шинхуа”, "Пибоди” Тавантолгойд ажлаа даруй эхлүүлэхэд бэлэн боловч Кремлийн байр суурийг Засгийн газрын Ажлын хэсэг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас Баруун Цанхийн гэрээг УИХ-д 2011 онд багтаан өргөн мэдүүлэх манай талын төлөвлөгөө ч гацаанд байна. Япон, Солонгосын компаниудыг эгнээндээ нэгтгэн удирдаж буй ОХУ-ын "Оросын төмөр зам” нэгтгэл Монголын Засгийн газарт хувь хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлага тавиад байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тавантолгойн Ажлын хэсгийн ахлагч, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг тэр үед Оросын хувийг нэмэх хувилбар хайж байгаа талаар ярьж байсан. Гэвч Монголын 18, Америкийн 24, Хятадын 40 хувиас хасах замаар "Оросын төмөр зам”-ын хувийг нэмж Кремлийн бухимдлыг барагдуулах яриа хөөрөө үр дүнд хүрээгүй бололтой. Хамгийн сүүлд авсан мэдээгээр бол, Тавантолгойн ордод шинээр тавигдах төмөр замыг Монгол, Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өмчлөлд бүрэн авах шаардлага тавьж байгаа юм байна.

"Энэ компанийн 50 хувийг эзэмшиж байгаа эрх мэдлийн хүрээнд Оросын тал Тавантолгойн нүүрсний тээвэрлэлт, дэд бүтцэд хяналт тогтоох арга зам эрэлхийлэх болсноор Баруун Цанхийн хэлэлцээнд нааштай алхам хийгдээгүй” гэж Ажлын хэсэгт ойр эх сурвалж өгүүллээ. Үүнээс үзэхэд "Улаанбаатар төмөр зам” нэгтгэлийн 50 хувийг Монголын тал эзэмшдэг боловч үүндээ "омогшин” Тавантолгойн бүсэд тавигдах төмөр замаар оросуудад найр тавих гарцыг Монголын Засгийн газар сонгох бодолгүй байгаа хэрэг болов уу. Тавантолгойн сонгон шалгаруулалтын эхнээс л ганзага хоосон буцаах аргагүй хоёр компани нэрлэгдсэн нь манай улсын өмнөд, хойд хөршүүдийн "Шинхуа Энержи”, "Оросын төмөр зам” байв. Үнэндээ ч Тавантолгойн хоёр талд наалдах шахам байршдагийн хэрэг юу билээ гэсэн шиг хамгийн их амбийцалж байгаа нь ч энэ хоёр компани юм. Гэвч хоёр хөршийн оролцоо Тавантолгойд бялууны хэрчим шиг өөгүй тэнцүү байна гэсэн "теорем” байхгүй.




УИХ-ын 39 дүгээр тогтоолд дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, борлуулалт, хөрөнгө оруулалтын нөхцөлөөр ялагчдыг шалгаруул л гэсэн. "Оросын төмөр зам” "Шинхуа” хоёр, "Пибоди”-тай хувь барьцахад эдийн засгийн бодитой шалтгаан дутсан мэдээлэл бий. Яагаад Хятадад 40 хувь оноосны учрыг хөрш орон гэсэн ганц тайлбараар Оросын тал хараад байх шиг. Хятадын тал Тавантолгойгоос эрчим хүчний нүүрс худалдаж авах, цахилгаан станц барих зэрэг няцаах аргагүй олон боломжийг санал болгосон. Америкийн хувьд санхүүгийн зах зээл дэх Тавантолгойн хувьцааны ханшаар дэнчингээ өсгөсөн хэрэг. Ажлын хэсэг үндэсний аюулгүй байдал, гуравдагч зах зээл, техник технологийн шаардлага, санхүүгийн зах зээл дэх нэр хүнд зэргийг харгалзан хувь оноолтоо эргэн харахад бэлэн суугаа боловч Кремлээс өмнийн говийн Тавантолгойд зэхсэн "бэлгийг” шуудхан хүлээн авах боломжгүй байгаа аж.

Ийнхүү Баруун Цанхийн хэлэлцээ мухардмал байдалд орсон гээд Монгол Улсын Засгийн газар Тавантолгойд гараа хумхих боломжгүй юм. Засгийн газар одоо хэрхэх бол? 2012 оны улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлэх нүүрсний зах зээлийн "саалийн үнээ” бол яах аргагүй Тавантолгой. Баруун Цанхиар Монголын орлогыг гацаах бодит бэрхшээ лийг хэлэлцэгч талаас бий болгож байгаа хэдий ч Засгийн газарт гарц байх ёстой. Энэ нь Зүүн Цанхи байж болох юм. Энэ бол Монголын бүрэн эрхийн хэрэг. Баруун Цанхи зогслоо гэхэд экспортоо эхлүүлж байгаа Зүүн Цанхийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хурдлуулж, эдийн засгийн эргэлтийг нэмэх боломжтой шүү дээ. Харин Кремлийн зүгээс Тавантолгойн хэлэлцээ дуншиж байгаа шалтгааныг өөрсдөөсөө түлхэж байгаа. ОХУ-ын Засгийн газрын дээгүүр албан тушаалтан "Коммерсант”-ын сэтгүүлчид "Монголчууд мэхт мэхэндээ гэгч болж байна даа” хэмээн ярьжээ. Түүнчлэн "Монголын Парламентын сонгуулийн дүн гарсны дараа л Тавантолгой төслийн хувь заяа шийдэгдэнэ” гэсэн байх юм. АН-ыг тэргүүлж асан, одоогийн Ерөнхийл өгч Ц.Элбэгдорж, МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд нарын улс төрийн тэмц лийн талбар болсон учраас 2012 онд УИХ шинээр бүрэлдэхээс нааш Тавантолгойн гацаа шийдэгдэхгүй хэмээн Оросын хэвлэлүүд цэцэрхэж байна.
Category: Бүх мэдээлэл | Added by: HaRaH
Views: 201 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]