HaRaH

free uCoz templates
Main » Files » Бүх мэдээлэл

ОНЫ ШИЛДГYYДЭЭР ХЭН ТОДРОВ?
2012-01-06, 2:16 PM


Дэлхийн улс орон бүр оны төгсгөлд шилдэг тамирчдаа тодруулдаг уламжлалтай. Монголчууд 2011 оны шилдэг тамирчнаараа ДАШТ-ий хүрэл медальт боксчин Пүрэвдоржийн Сэрдамбыг шалгаруулсан. Харин бусад улсын шилдгээр хэн гэдэг тамирчин тодорсныг сонирхуулья. 
 
АРГЕНТИН: Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн шагналыг сүүлийн хоёр жил бусдад алдаагүй Лионель Месси энэ жил л анх удаа улсынхаа шилдэг тамирчнаар нэрлэгдсэн нь сонин. Хөлбөмбөгчдөөс хамгийн сүүлд 2004 онд К.Тевес оны шилдэг болж байжээ. Гэхдээ Карлитос тухайн үед сагсчин М.Жинобилитай хамт шилдгээр тодорсон юм. Өнгөрсөн жил зүлэгний хоккейн тамирчин Лусиана Аймар шилдгийн шагналыг хүртжээ. 
 
АРМЕН: Тус улс манайхтай адил спортын сэтгүүлчдийн саналаар оны шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил 42 сэтгүүлч санал асуулгад оролцоход сонгомол барилдааны Европын аварга Роман Амоян 346 оноогоор өнгөлжээ. Хоёрдугаар байрт мөн л сонгомолын бөх, ДАШТ-ий хүрэл медальт Арсен Жулфалакян 300 оноогоор орж, түүнээс дөрвөн оноо дутуу авсан олон улсын их мастер шатарчин Левон Аронян гуравт бичигдлээ. Оны шилдэг багаар дэлхийн аварга болсон эрэгтэй шатарчид нь тодорч, хөлбөмбөгийн шигшээ болон сонгомол бөхийн баг нь удаалжээ. 
 
БЕЛЬГИ: Дугуйчин Филипп Жильбер 2011 оны Бельгийн шилдэг тамирчин болжээ. 29 настай тэрбээр энэ жил "UCI World Tour”, "Velo d'Or” олон өдрийн уралдааны ялагч болж, "Тур де Франс”-ын нэг гараанд түрүүлсэн юм. Хоёр, гуравдугаар байрт ах, дүү гүйгч Кевин, Жонатан Брале орсон бол "Лилль”-ийн залуу хөлбөмбөгч Эден Азар дөрөвт жагсчээ. Филипп сүүлийн гурван жил дараалан улсынхаа шилдэг болж байна. 
 
БОЛГАР: Энэ жил Стамбулын ДАШТ-ээс тав дахь алтаа авсан эмэгтэй бөх Станка Златева улсынхаа манлай тамирчин болов. Тэрбээр санал асуулгад 1246 оноо авч, дэлхийн аварга усчин Петр Стойчев, сонгомол бөхийн ДАШТ-ий 96 кг-ын аварга Элис Гури нарыг ардаа орхисон юм. Златева өмнө нь 2007, 2010 онд энэ алдрыг хүртэж байжээ. 
 
ГЕРМАН: "Даллас Маверикс”-ын хамтаар NBA-гийн аварга болж, финалын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан сагсчин Дирк Новицки, ДАШТ-ээс гурван алтан медаль эх орондоо авчирч, Дэлхийн цомд нийлбэр дүнгээр тавдугаар байрт орсон биатлонч бүсгүй Магдалена Нойнер нар Германы оны шилдэг тамирчнаар шалгарлаа. Новицки шалгаруулалтад "Формула 1”-ийн дэлхийн аварга С.Феттель, ширээний теннисчин Т.Болл нарыг орхисон бол Нойнерийн ард теннисчин А.Петкович, уулын цанын тамирчин М.Риш нар жагссан байна. Харин Герман төдийгүй дэлхийд нэр хүндтэй "Kicker” сэтгүүл оны онцлох хүнээрээ хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Йоахим Лёвыг нэрлэжээ. "Лёв шигшээ багийг өндөр түвшинд гаргаж, олон авьяаслаг тоглогчдыг төрүүлсэн. Одоо Германы багийн довтолгоо зонхилсон тоглолтыг дэлхий нийт шагшиж байна” хэмээн тус сэтгүүл бичсэн байна. Харин Лёв энэхүү шагналаа шигшээ багийн тоглогчдодоо зориулж буйгаа мэдэгджээ. 
 
КАЗАХСТАН: Тус улс оны онцлох хүнийг салбар бүрт тодруулдаг уламжлалтай. Энэ жил дэлхийн хошой аварга боксчин Серик Сапиев тамирчдаасаа торойн гарчээ. 28 настай тэрбээр 2011 онд Бакугийн рингнээс мөнгөн медаль авчирч, Лондонд зодолдох эрхтэй болсон билээ. 
 
КАНАД: "Тоrоntо Sun” сонины хувилбараар уран гулгагч Патрик Чан агч навчит орны шилдэг боллоо. Тэрбээр энэ жил ДАШТ-ий эрэгтэй ганцаарчилсан төрөлд хос тасархай түрүүлсэн юм. 
МАЛИ:"Барса”-гийн хагас хамгаалагч Сейду Кейта улсынхаа шилдэг тамирчин болов. Тэрбээр "Барса”-гийн хамтаар Ла Лиг, Аваргуудын лиг, Испани болон Европын супер цом, клубүүдийн ДАШТ-д түрүүлсний зэрэгцээ шигшээ багаа Африкийн цомын тэмцээний эрх авахад багагүй тус хүргэсэн билээ. 
 
ЧЕХ:"Уимблдон”-ы аварга теннисчин бүсгүй Петра Квитоваг эх оронд нь шилдгээр тодрууллаа. 21 настай тэрбээр өнөө жил чансааны 34-өөс хоёрдугаар байр хүртэлх үсрэлтийг хийсэн юм. Уулын дугуйн дэлхийн аварга Ярослав Кулхавы, тэшүүрчин Мартина Сабликова нар удаах байруудад орсон байна. СЕРБ: Тус улсын теннисчин Новак Жоковичийг BBC оны шилдэг гадаадын тамирчнаар тодруулжээ. Түүнтэй энэ алдрын төлөө хөлбөмбөгч Л.Месси болон авто уралдаанч С.Феттель өрсөлдсөн юм. 
 
ТАЖИКИСТАН: ДАШТ-ээс хүрэл, Азийн аваргаас алтан медаль авч, Лондоны олимпийн эрхээ биелүүлсэн боксчин Анвар Юнусов Тажикистаны 2011 оны шилдэг тамирчин болов. Эхний аравт Д.Назаров (дүүгүүр шидэлт), А.Гулов, Ф.Негматов (дэлхийн тэквондо), Р.Бокиев (жүдо), Д.Тюраев, С.Тагойнаразов (олон улсын тэквондо), М.Абдурахманов (кураш), А.Вохидов (бокс), К.Устопириен (самбо) нар орсон байна. 
 
ХОРВАТ: Дэлхийн дөрвөн удаагийн аварга, өндрийн харайлтын Бланка Власич, олимпийн гурван мөнгөн медальт уулын цаначин Ивица Костелич нар тус улсын шилдэг тамирчид болов. 28 настай атлетикч бүсгүй Власич Дэгүгийн ДАШТ-ээс мөнгөн медаль авчирсан бол Костелич 2010-2011 оны Дэлхийн цомд нийлбэр дүнгээр манлайлсан юм. 
 
ЯМАЙКА: Тус улс уламжлал ёсоор дэлхийд дээгүүр өрсөлддөг гүйгчдээ оны шилдгээр тодруулжээ. Тухайлбал, ДАШТ-ий 100 метр бол 4х100 метрийн буухиад аваргалсан Йохан Блейк, 100 метрт түрүүлж, 100 м, 4х100 метрийн буухиад аман хүзүүдсэн Вероника Кэмпбелл-Браун нар шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчны алдрыг хүртэв. 
 
ЯПОН: Японы мэргэжлийн спортын холбооноос жил бүр оны шилдэг тамирчныг нэрлэдэг уламжлалтай. Тэгвэл тэд өнөө жил ганц хүнийг онцолж шилдэг болгосонгүй. Тодруулбал, ДАШТ-д анх удаа түрүүлсэн хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээгээ оны шилдгээр тодруулжээ
Category: Бүх мэдээлэл | Added by: HaRaH
Views: 170 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]