HaRaH

free uCoz templates
Main » Files » Бүх мэдээлэл

Монголын спортын онцлох 10 үйл явдал
2012-01-06, 2:18 PM

Томчууд Монголыг тоов

Спортын одод энэ жил шиг бөөнөөр зочилсон түүх Монголд үгүй. ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге эх оронд маань хөл тавин манай улсыг дэлхийн 200 гаруй орны сонорт хүргэв. Түүнээс өмнө Хуан Антонио Самаранч ирсэн түүхтэй. Тэгвэл хөлбөмбөгийн том од Улаанбаатарт газардсан нь Италийн XX зууны хөлбөмбөгчин Франко Барези байлаа. Тэрбээр Улаанбаатар хотын захиргаа, "Милан” клубийн хамтын ажиллагааны хүрээнд морилон монгол хүүхүүдээс дөрвөн шилдгийг сонгох авч сургалтдаа хамруулахыг амалсан. Гэтэл италичуудын Төв Ази дахь урсгалыг "Интер” баг залгууллаа. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар зочилсон тус клубийн захирал манай тив дэх хүүхдийн академийг эх оронд маань байгуулахаар шийдсэнээ дуулгасан билээ. Энэ бол гадны спортын томчуудын монголчуудад барьсан хамгийн том бэлэг байлаа. Энэ мэдээлэлд баярлаж ханаагүй байтал NBA-гийн супер од Дуайт Ховард сүр дуулиантайгаар зочилсон. Өмнөд Азиар аялж яваа нөхрийг Монголд ирнэ чинээ хэн ч төсөөлөөгүй байтал тэрбээр хэдхэн хоногийн дотор л хүрээд ирлээ. Энэ бол оны гол сюрприз байсан юм шүү.



Олимпийн эрхийг гуйж биш, гуядаж авдаг болжээ

Улиран одож буй 2011 он Монголын тамирчдын хувьд олимпийн эрхээ авах, баталгаажуулах чухал үе байлаа. Одоогоор манай улс албан ёсоор олимпийн есөн эрх (байт, хөнгөн, бокс, чөлөөт тус бүр хоёр, буудлага нэг) аваад буй. Мөн үүн дээр жүдочдын 10 эрх нэмэгдэх магадлалтай байгаа билээ. Олимпийн эрхээ авсан тамирчдын дунд байт, хөнгөнийхөн байгаа нь яах аргагүй том амжилт. Манай гүйгчид өмнө нь олимпод цагаан хуудсаар ордог байсныг марафонч Б.Сэр-Од халж, Бээжинд өөрийн чадлаар эрхээ авсан. Тэгвэл энэ жил Б.Сэр-Од, Л.Отгонбаяр гэсэн хоёр марафонч маань олимпийн эрхийг гуйж биш, гуядаж авсан нь сайшаалтай. Түүнчлэн сүүлийн гурван олимпийг өнжөөд байсан байтынхан мэргэжлийн түвшинд хүрч, бэлтгэлээ чамбай хийсний хүчинд олимпийн хоёр ч эрхийг өөрийн болголоо. Айсуй 2012 онд манай тамирчид Лондонг зорих "виз”- ийн төлөө дахин дайтах болно. Олимпийн эрх маш олон болтугай!


Монгол бүсгүй дэлхийн зулайд хөл тавив

2011 оны тавдугаар сард уулчин бүсгүй Б.Гангаамаа Гималайн тэргүүн сарьдагт тугаа



мандуулан, дэлхийн зулайг хэмжсэн анхны монгол бүсгүйгээр тодорч нэрээ мөнхөлсөн явдлыг "ТЦ” онцолж байна. МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн баатарлаг эмэгтэйд баяр хүргэх үеэрээ "Монгол Улс олимпийн хэдэн аваргатай билээ, Эверестэд гарсан уулчин хэд вэ? Ингээд бодохоор дэлхийн хамгийн өндөр цэгт хөл тавьсан амжилтыг олимпийн алтан медальтай дүйцүүлж болох юм” хэмээн өгүүлсэн нь жирийн үг биш. Иймдээ ч түүний гавьяаг Монголын төр өндрөөр үнэлж,Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээр шагнасан билээ. Зөвхөн нэр алдар, шан харамжийн төлөө тэр энэ эрсдэлтэй алхмыг хийгээгүй. Зорилго нэгт андуудынхаа мөрөөдлийг биелүүлж, эзэн Чингисийн охин дэлхийн зулайд гарсан тухай мэдээллийг ертөнцөөр цацахын төлөө, монгол эмэгтэйн тэсвэр хатуужлыг мэдрүүлэх үүднээс дэлхийн өндөрлөгт мацаж, ялсан билээ. 22 жилийн тэртээ Очирваань хайрхны оргилд анх мөрөө гаргасан Б.Гангаамаа өдгөө дэлхийн "тулах цэг”-т хүрсэн уулчдын нэг боллоо. "Бээжин- 2008” олимпоос алтан медаль шүүрсэн Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарын мандуулсан төрийн далбааг Эверестэд намируулахдаа тэрбээр "Лондон-2012”-т Монголын тамирчид амжилтын ургац арвин хураахыг бэлгэдэн шившсэн нь мэдээж.


Монголд, бас дэлхийд анх удаа 6016 бөх нэг дор

Одоогоос долоон жилийн тэртээ Өвөр монголчууд нэг дор 2048 бөх барилдуулж, үүнийгээ дэлхийн дээд амжилтад тооцуулан Гиннесийн номд бүртгүүлсэн билээ. Энэ явдлыг бөхийн өлгий нутаг монголчууд зүгээр хараад суухыг хүссэнггүй, тэднээс давж гарахаар шийдсэн юм. Ингээд МҮБХ-ноос 4096 бөхийн барилдааныг зохион байгуулахаар шийдвэрлэж, бэлтгэл ажилдаа оров. Эхэндээ бүртгүүлэх бөхийн тоо гүйцэх болов уу гэсэн эргэлзээ байсан боловч барилдах хүсэлтэй олны тоо 6000 хол даваад явчихсан. Ингээд зохион байгуулагчид Гиннесийн хорооноос зөвшөөрөл авсны дагуу бөхийн тоог 6016 болгосон (гэхдээ албан ёсны бүртгэлд 6002 гэж тэмдэглэгдсэн) юм. Ийнхүү Монголд байтугай дэлхийд анх удаа 6016 бөх нэг дор хуран чуулахад монгол үндэсний бөхийн алдар цолтонгуудаас гадна 17 настай хөвгүүнээс эхлээд 80 дөхсөн буурал хүртэл ирж зодоглолоо. Түүхэнд үлдэх энэхүү барилдаанд улсын залуу заан Ч.Санжаадамба 13 даван түрүүлж, өнөө цагийн бөхийн өнгийг тодорхойлж буй хүчтэн гэдгээ харуулав. Улсын наадмын түрүү бөх, Монгол улсын 20 дахь аварга С.Мөнхбат 12 даван үзүүрлэж, аварга цолны буурь, чанар чансааг харуулсан. Мөн наадмын үзүүрт хүрсэн отгон арслан Г.Эрхэмбаяр шөвгийн гуравт үлдсэн нь муугүй амжилт байлаа. Зуун жилд ганц тохиох энэхүү барилдааныг "ТЦ” оны онцлох үйл явдлаар нэрлэж байна.


П.Сэрдамба боксын түүхийг шинэчлэн бичсээр

Евроазийн жи жиг улс Азер байжаны нийслэл Баку хотноо боксынXVI ДАШТ болж, таван тивийн 700 шахам ширэн бээлийтэн хүрэлцэн ирлээ. Олимпийн эрх олгох энэхүү тэмцээнд манай улс найман шилдэг т а м и р ч н а а и л г э э с э н юм.Тэр дундаас Пүрэвдоржийн шар хүү Сэрдамба торойн гарч, дэлхийн аваргын хүрэл медалийг олимпийн эрхтэй хамт олзлон ирсэн билээ. Ингэснээр тэрбээр ДАШТ-ий хошой медальт Монголын анхны боксчин болсон юм. Өмнө нь манай боксчид ДАШТээс олон жилийн завсарлагатай ганц нэг медальтай ирдэг байсан цаг ард хоцорч, сүүлийн гурван тэмцээн дараалан ганзага дүүрэн ирсэн нь яах аргагүй онцлог үйл явдал байлаа. Сэрдамбын энэхүү амжилтыг спортын сэтгүүлчид өндрөөр үнэлж, 2011 оны шилдгийн шилдэг тамирчнаар шалгаруулсан нь саяхных.Дэлхийн энтэй боксчныг маань ирэх зун болох олимпийн наадам хүлээж байна.Лондоны рингэнд монгол тамирчны ид хавыг гайхуулж, хоёр олимп дараалан медаль авсан анхны боксчин болохын ерөөлийг түүнд дэвшүүлье.


Шинэ аварга, шинэ хурд, шинэ мэргэдтэй наадам

Залуу аварга, шинэ хурд, шинэ мэргэнтэй монгол наадам. Дөрвөн тэгш ой тохиосон улсын наадмын торгон ногоон дэвжээнд зодоглосон 1024 хүчтэнээс Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул Сүхбаатарын Мөнхбат түрүүлж, наадамчин олон 20 дахь аваргаа тосон авав. Үндэсний бөхийн халуун ам бүлд нэг арслан, хоёр гарьд, хоёр заан, дөрвөн харцага, 13 начин бүл нэмсэн ч шөвгөрсөн хоёр бөх сэргээшийн шинжилгээнд бүдэрч хэл ам дагуулсан юм. Төрийн наадмын тод магнайгаар олонтаа тодорсон алдарт уяач Э.Эрдэнэчулууны шарга азарга зодог тайлж, түмний эхийг хийморьтоо даатгаж, хоймортоо тахидаг монгол түмний сэтгэлийн утсыг хөндсөн. Ямагт сүргийн манлайд давхиж, хурд хүч, зөн билгийн гайхамшгийг мэдрүүлсэн шандаст хурдан хүлгээ морин сүлдэт ард түмэн хэзээ ч мартахгүй нь дамжиггүй. Энэ жилийн наадмын хурдан морины уралдааны нас насанд битүү морьд түрүүлж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулсан. Нум саадгаа агсан дэлхийн талыг эзэлсэн их түүхийг өнөө хэр нь хадгалж буй сурын алтан зурхайд цэц сорьсон мэргэчүүлийн дундаас шинэ цолтнууд төрөн гарсныг та санаж буй биз ээ. Эрхий мэргэн харваачдыг "тоосоороо булан” түрүүлсэн Б.Ёндонгийн эцэг нь баярын нулимсаа барьж үл чадан, товхонд тунасан өрсөлдөгчдөө төвөггүйхэн ялсан Х.Оюунчимэгийн уугуул Хэнтий, суугуул Төв аймгийхан нь хөл алдан хөөрч байсан нь саяхан мэт. Монгол түмэн дэлхийг дэлэгнүүлтэл, дэнж хотойтол сайхан наадлаа.


Бүсгүйчүүдийн үнэмлэхүй амжилт

Туркийн дэвжээ манай бөхчүүдэд хэзээний л ээлтэй. "Стам бул-1974” ДАШТ-д З.Ойдов алт, Х.Баянмөнх мөнгө, Ц.Нацагдорж хүрэл медаль хүртэж байсан бол 2011 онд тэд ний залгамж халаа болсон бүсгүйчүүд од той барилдан Д.Отгонцэцэг, Б.Оюунс үрэн нар дэд аварга болж, О.Насанбурмаа хүрэл медалиа олимпийн эр хээр "чимсэн” төдийгүй бүсгүй чүүд багаараа гуравдугаар байр эзлэв. Энэ нь манай эмэгтэйчүүдийн хувьд маргаангүй үнэмлэхүй амжилт. Дэлхийн дэвжээнээс хоёр дахь медалиа хүртсэн Насанбурмаагаар, өөрийнхөө жинд Монголдоо босоо Отгоогоор, томоохон амжилтын буухиагаа эхэлж буй Оюунаагаар ард түмэн бахархаж сууна. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүд тив, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг тахалж, өнгөрсөн онд С.Батцэцэг барааг нь харалгүй удсан дэлхийн аваргын алтан медалиар энгэрээ мялаасны удаах жил үйлс нэгтнүүд нь ийнхүү амжилтын буухиаг үргэлжлүүллээ.


Тав дахь их мастер төрлөө

Өнгөрсөн жил Б.Мөнгөнтуул оюутны, Д.Номин-Эрдэнэ өсвөрийн дэлхийн аварга болж байсан буухиа энэ онд ч тасарсангүй. Тавдугаар сард Польшийн Краковт болсон сурагчдын ДАШТ-ээс Төрмөнхийн Мөнхзул мөнгө, аравдугаар сарын эхээр Туркийн Анталия хотноо зохиогдсон сонирхогчдын ДАШТ-ээс Баярын Ану, Сумъяагийн Билгүүн нар тус бүр алт, арваннэгдүгээр сарын дундуур Бразилийн Калдас-Новас хотноо болсон өсвөрийн шатарын ДАШТ-ий 17-18 насанд Алтан-Өлзийн Энхтуул хүрэл медаль хүртэв. Улмаар арванхоёрдугаар сарын эхээр манай эх орны нийслэлд Шинэ үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулсан, Чин ван Ханддоржийн нэрэмжит "Монгол туургатан 2011” тэмцээн боллоо. Энэ жилээс эхлэн FIDE-гийн календарьт албан ёсоор орж байгаа, шагналын өндөр сан бүхий эл тэмцээний дээд ангилалд Турк, ОХУ, Казахстан, Монголын шилдэг 10 шатарчин тойргийн журмаар өрсөлдөхөд Цэгмидийн Батчулуун 77 хувийн амжилтаар түрүүллээ. Дээрх амжилтаараа тэрбээр шатраас төрсөн тав дахь их мастер (өмнөх нь Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг) болсон юм. Тэнгэрлэг монгол түмний оюунлаг үр сад дэлхийд нэр алдраа цуурайтуулсаар.


Анхны хожил, анхны медаль

Багийн спорт бол монголчуудын барж идэх хоол биш хэмээн шүүмжлэгсэд цөөнгүй байдаг. Харин улиран одож буй 2011 онд хөлбөмбөг, сагсан бөмбөг, бэнди, хоккейн тамирчид маань боломжийн амжилт үзүүллээ. Тухайлбал "World Cup 2014”-ийн урьдчилсан шатанд оролцох эрхийн төлөө Мьянмарын шигшээтэй өрсөлдөж, нийлбэр дүнгээр 1:2-оор ялагдсан ч ДАШТ-ий түүхэн дэх анхны хожлоо авлаа. Манайхан нутагтаа болсон эхний тоглолтод өрсөлдөгчөө 1:0- ээр буулган авахад хагас хамгаалагч Х.ЦэндАюуш Монголын хөлбөмбөгийн түүхэнд алтан үсгээр бичигдэх хожлын бөмбөгийг оруулсан юм. Түүнчлэн манай бөмбөгтэй хоккейн шигшээ Казахстанд болсон Азийн өвлийн наадамд "аман хүзүүдсэн” нь багийн спортынхны хувьд тивийн чанартай анхны медаль болсон. Мөн мөсний хоккейчид маань Азийн наадмын Премьер дивизионд гурван хожил авсны зэрэгцээ Бахрейныг 21:1-ээр хожиж, түүхэн дэх хамгийн том ялалтаа байгуулав.



Сүмогоос Монголын таван бөх хөөгдөв

Олон зууны түүхтэй сүмод найраа байсан, үгүйг батлан хэлэх боломжгүй. Гэхдээ орчин үед иймэрхүү ёс бус явдал олон түмний хурц хараанаас мултрахгүй нь тодорхой. Тийм ч учраас Японы сүмогийн холбоо сэтгүүлчдийн илрүүлж, цагдаагийнхны гэм буруутайг нь баталж өгсөн 23 рикишиг даваа наймаалцсан, бейсболын тэмцээнд бооцоо тавьсан хэрэгт буруутгаж, их сүмогоос хөөлөө. Эдний дунд манай таван бөх Токүсэгава Б.Ганболд, Хакүба А.Өнөржаргал, Коорюү Э.МөнхОргил, Мооконами Г.Базарсад, Хошихикари Д.Лхагва нар байсан нь харамсалтай. Гэвч буруутнуудын балгаар цуцлагдсан башё их аварга Хакүхогийн нэг түрүүг тасалдуулснаас биш гайхамшигт амжилтыг нь бүдэгрүүлж огтхон ч чадаагүй. Ёкозүнагийн нэр төрийг өндөрт өргөж явах үүрэг хариуцлагаа бүрэн гүйцэд ухамсарласан "Цагаан гарьд” маань оны таван башёгийн дөрөвт нь түрүүлж, Эзэн хааны цомыг 21 дэхээ хүртлээ. Сүмод 20- иос дээш түрүүлсэн бөхийг дэй ёкозүна буюу агуу аварга гэдэг. Тэдний тоонд багтсан Хакүхо М.Даваажаргалд Таканоханагийн 22, Китаноүмигийн 24, Асашёорюүгийн 25, Чиёнофүжигийн 31, Тайхогийн 32 түрүү холгүй байна даа.
Category: Бүх мэдээлэл | Added by: HaRaH
Views: 779 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]