HaRaH

free uCoz templates
Main » Files » Бүх мэдээлэл

“ХҮННҮ ТУУЛЬС” ХҮЧИРХЭГ ДУУРЬСАЖ БАЙНА
2012-06-27, 10:36 PM

 Мэдээний зураг

Монголын ард түмэн эртнээс янагш зууныг туулан, мянганыг элээж ирэхдээ өвлийн шөнийн уртад өнжин хонон, зуны шөнийн богинод зусан намаржин тууль хайлж, түүх цадигаа хүүрнэн хэлэлцэж ирсэн билээ. Бидний сайн мэдэх "Гэсэр”, "Жангар”-аас эхлээд "Эрийн сайн Хан харангуй”, "Зул Алдар хаан”, "Бум эрдэнэ”, "Дайны Хүрэл”, "Догшин Чингэл хаан”, "Аргил Цагаан өвгөн”, "Бурхан хар баатар” гээд тоочоод байвал ихээ урт жагсаалт болох олон арван туульсыг өвөг дээдэс маань сэцэн оюун, уран сэтгэлгээрээ туурвин бүтээж, үе үеийн туршид үр ач нартаа өвлүүлэн өнөөг хүргэж иржээ. Хүн төрөлхтний оюуны соёлын гайхамшигт  өв хүртээл болсон Энэтхэгийн "Махапаарада”, Киргизийн "Манас”, Оросын "Игорийн хорооны дуулал”, германы "Нибелунгийн дуулал”, Италийн "Тэнгэрлэг туульс”, Францын "Роланд баатрын дуулал”, Америкийн индиан ард түмний "Хайваттын дуулал” зэрэг туульсын бүтээлүүд олон бий.

    Туульс бол урьд эртийн цагт унших ном, үзэх урлагийг төлөөлөн, бүхэл бүтэн номын сан, театр, телевиз, радиог орлож, орчин үеийн шинжлэх ухаан, техникийн ололт болсон ший жүжиг, кино зэрэг тайз, дэлгэцийн уран бүтээлийн үүрэг гүйцэтгэж иржээ. Туульс бол оюуны урлагийн ертөнц дотроо ардын аман зохиолын төрөл зүйлд багтдаг. Монгол ардын аман зохиолын доторх аман яруу найргийн хамгийн том хэлбэр бол Баатарлаг туульс юм. Үе үеийн монголчуудын дунд тэдний хүсэл мөрөөдлийг яруу тод тусган үзүүлсэн олон сайхан туульс мэндэлж, Ижил мөрний халимагууд, Байгаль далайн буриадууд, Алтайн торгууд, Хангай, Хэнтийн халхчуудын дунд их дэлгэрсэн билээ.
        
           Харин сүүлийн жилүүдэд манайд туульсын зохиол бүтээл мэндэлсэнгүй, тууль хайлдаг уран бүтээлч төрсөнгүй. Ардын урлаг, соёлын гайхамшигт өв болсон энэ төрөл зүйл улам бүр бүдэгрэн хумигдсаар. Энэ нь   юуг харуулж байна вэ? Шуудхан хэлэхэд манай зохиолчид, уран бүтээлчид аль болохоор хялбарчилж, амар хөнгөн зүйлээр "оролдох” замаар уран бүтээл хийх болсны жишээ энэ юм. Биеэ зовоож, тархи оюунаа "гашилган” байж үгийн ур, сэтгэлгээний чадвар шингээсэн том хэлбэрийн бүтээл дээр ажиллахаас дөлдөг, жижиг юм, аар саар зүйлээр аргацаахыг урьтал болгодог цаг ирснийг харуулж байна.

           Энэ удаад би Ц.Бавуудоржийн сүүлийн үеийн томоохон уран бүтээл болох "Хүннү туульс” хэмээх туульсын томоохон бүтээлийн талаар өгүүлэх гэсэн юм. Тэрээр өөрийгөө давтахгүйг хичээж , ямагт шинийг эрэлхийлж, эрлийн үзүүрт олз гэдгийн үлгэрээр шинэ, содон ололт амжилтад хүрч, юм юмаар л уншигч олон, утга зохиолын хүрээнийхэнд гэнэтийн бэлэг барьдаг. Урьд нь есөн эрдэнээр урлан баринтагласан
сайхан ном бүтээж байсан бол энэ удаад монгол ардын уламжлалт ардын аман зохиолын хамгийн том төрөл зүйл болох, хүлгээр бол шандас сорьсон, хүчтэнээр бол тэнхээ шалгасан туульсын томоохон найраглал туурвин та бидний гар дээр өргөн барилаа.

           "Хүннү туульс”. Өнгө үзэмж, зураг хөрөг сайтай, бат бөх шоголд баринтагласан энэ номыг харахад "Ёстой л бүтээх гэж бүтээж дээ” хэмээн бодогдохын сацуу гаднаасаа ч, дотроосоо ч гэрэлтсэн сайхан бүтээл болсон нь мэдрэгдэнэ. Сэтгэл, зүтгэл, бэл шингэсэн нь хараажаар илт энэ бүтээл хавтас чимэглэл, шогол баринтаг, өнгө үзэмжээрээ онцгой сайн болсон шигээ бас туульс бүтсэн ур чадвар, чанар чансаа тун чамбай бүтээл болсон нь уншсан хэнд ч мэдрэгдэх нь лавтай. Хүн төрөлхтний оюуны өв санд эрт цагийн их туульс үлгэрүүд хүндтэй байр эзэлдэг. Тэд бол хүн төрөлхтний, тэр тусмаа тухайн ард түмний буурал намтар цадиг, баатарлаг үйл явдал, эх оронч бахархлыг магтан дуулсан, эгэл жирийн ард иргэдийн аж төрөл, хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн цаг үеийн цадиг түүх мөн. Үүгээрээ туульсын уран бүтээл бол зөвхөн ардын аман зохиол төдий бус, түүнээс илүү өргөн, олон талт ач холбогдол агуулсан үнэ цэнтэй өв дурсгал байдаг.   

           Хүннүгийн сэдэв. Энэ бол бидний цөөхөн монголчуудын хувьд хамгийн бахархалт, омогшилт, эрхэм нандин сэдэв агаад, саяхан болтол төдийлөн мэддэггүй, ойлгодоггүй байсан, эрт дээр эрин цагийн өвөг дээдсийн маань нартыг туулан аж төрж өнгөрсөн баатарлаг агаад бахархалт, бас эмгэнэлт түүх цадиг болой. Өнгөрсөн жил монголчууд бид, Төв Азийн цээжинд анхны нүүдэлчдийн төр улсыг байгуулан, зуун зууныг улираан аж төрж асан хүннүчүүдийн төр ёсны уламжлалын 2220 жилийн түүхт ойг нижгэр тэмдэглэсэн билээ. Энэ ойн жилд манай уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид өөр өөрийн хувь нэмрээ оруулж, судалгаа шинжилгээ, уран бүтээлийн үр дүн болсон олон арван бүтээл туурвил хийцгээсэн нь гарцаагүй. "Хүн гүрэн” түүхэн баримтат кино, "Тэнгэрийн хүү” драмын жүжиг, "Аттила хаан” бүжгэн жүжиг зэрэг тайз, дэлгэцийн бүтээл амилж, түүх, археологи, угсаатны зүй, хэл шинжлэл, уран зохиолын хэдэн арван ном зохиол хэвлэгдэн гарчээ.

           Тэр бүхний дотор, ялангуяа уран зохиолын салбарт Ц.Бавуудоржийн энэхүү "Хүннү туульс” хүндтэй байр эзлэнэ. Үүнийг тэрлэгч бээр хүннүчүүд хийгээд Хүн гүрний цадиг түүхийг олон жил судалсан судлаачийн хувьд Ц.Бавуудоржийн "Хүннү туульс”-ийг ихэд сонирхон үзлээ. Чингээд энэ гэгээн шасдир, цадиг туультай нөхөрлөсөн энэ л өдрүүдэд бодол оюун минь үлгэр туульсын ертөнцөд жуулчлан аялж, сэтгэлийн минь толинд цал буурал сахалтай өвгөн хуурч эртний их цадиг түүхийг аялгуулан хайлах мэт, энэ бүх түүхт явдлыг хүүрнэн өгүүлэх мэт болсныг дурдмаар байна.

           Туульсын бүтээлийн арвин их өв, уламжлалтай гэгддэг монголчуудын дунд хүннү дээдсийн тухай ардын аман зохиол, үлгэр домог тун бага, туульсын зохиол бүр байхгүй. Тэр бүхнийг бид Хятадын эртний түүхийн сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн цөөн хэдэн зүйлээр гадарлах төдий. Монгол ардын аман зохиол дотор хүннү, сүннүгийн үеийн угшилтай үлгэр домог явж байж мэдэх ч өнөө хэр нь бид тэдгээрийг ялган оноож чадаагүй л байна. Тэгвэл энэ талаар баярлууштай бүтээл хийсэн хүн бол авьяаслаг яруу найрагч Ц.Бавуудорж ажгуу. Хүннүгийн сэдвээр, ерөөс Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийн сэдвээр хийгдсэн өнөө цагийн дорвитой том бүтээл бол түүний "Хүннү туульс” мөн. Зохиолыг бүхэлд нь нэгтгэн үзэхэд хэд хэдэн зүйлийн үнэлэлт дүгнэлт өгч болох байна.

           Нэгдүгээрт, "Хүннү туульс” нь Монгол туульсын өв санг баяжуулж, тэр санд хүндтэй байр эзлэх томоохон бүтээл болжээ гэж хэлмээр байна. Туулиуд нь хэдэн мянган шад мөртэй байдгаараа онцгойрдог. Жишээ нь "Нэг зуун тавь насалсан хөгшин луу мэргэн хаан” хэмээх тууль 14 мянган мөртэй. Тэгвэл Ц.Бавуудоржийн энэ бүтээлийг хэмжээ дамжааных нь хувьд авч үзэж, мөр шадыг нь тоолдог юм аа гэхэд бас хэдэн мянгаар тоологдох мөр шад бүхий том бүтээл болж. Үүгээрээ "Хүннү туульс” нь хонон өнжин хайлдаг монгол ардын туульсын аварга том туурвилуудын зиндаанд зэрэгцэж очно оо. 

           Хоёрдугаарт, "Хүннү туульс”-т хүүрнэж байгаа түүх бол бүхэлдээ хоёр мянганы тэртээд Монгол нутгаар төвлөсөн Төв Азийн өргөн уудам газар нутаг дээр болж өнгөрсөн бодит үйл явдал агаад зохиогч тэр бүхнийг сайтар үзэж судалсан нь, энэ бүтээлээ хийхийн тулд нөр их зүтгэл гаргасан нь харагдана. Тийм болохоор "Хүннү туульс”-т худлаа юм, санаанаасаа зохиосон зүйл алга. Бас тийм болохоор ийм үнэн түүх өнөөгийн бидэнд, үр хойчист маань маш хэрэгтэй юм. Тийм ч учраас би энэ бүтээлийг манай хүүхэд залуучууд, монгол хүн бүхэн уншиж үзээсэй гэж хүсч байна.

           Гуравдугаарт, зохиолын зохиомж, өгүүлэмж, үйл явдал, үг хэллэг, найруулга, илэрхийллийн олон зүйлийг ажиглахад аргагүй л авьяаслаг шүлэгчийн цэцэн билиг, увьдас онгод, ур хийц, уйгагүй хөдөлмөр аль аль нь нэвт шингэсэн нь харагдана. Энэ бүхний жишээг аль ч хуудаснаас олж харж ишлэн ярьж болох байна. Цөөн хэдэн жишээ татсу. Туульс ингэж эхэлнэ:

                                            Мөнх хөх Алтай
                                            Мөнгөн дэлтэй гүрвэл шиг
                                            Амь орон өндөлзөхөд
                                            Амгалан Хүннү гүрэн
                                            Аясын салхинаа дэвэлзнэм.
                                            Дээдсийн нутаг Алтай
                                            Дээвэр цасаа шилгээхэд
                                            Бургасан гэртэй Хүннү
                                            Бууриа сэлгэхээр догдолном.
                                            Адууны нутаг Хантайшир
                                            Аргамаг салхиа хураагаад
                                            Аянч үүлсээр эмээллэхүй
                                            Гүрэнд цуутай Тэлэнгид
                                            Гүүргий аялан ачаалнам.
                                            Аргалын нутаг Хантайшир
                                            Амирлан цэнхэртэх цагаар
                                            Халуун бүл Тэлэнгид
                                            Хаваржаа нутгаа зорином.
                                            Баруун зүгийн тэнгэр
                                            Бадрангуй Этүгэний төрхтэй
                                            Тийш хөдөлсөн нүүдэл
                                            Тэртээд, энэтээд бараатай… 

              "Хүннү туульс” монгол ардын олон туульсын түгээмэл уламжлалыг баримтлан эхэлж байгаа нь эндээс харагдана. Төв Азийн цээжнээ дүнхийх өндөр Алтайн сугаас эртний нүүдэлчдийн их нүүдэл цувран хөдөлж байна. Их нүүдлийг дүрсэлсэн өгүүлэмж үүгээр дуусахгүй, цааш ийн үргэлжилнэ:

                                            Анч ноход үүлэн сүүдрийг
                                            Аргаль мэт тасчиж эрхлэлдээд
                                            Арганд унтах хөвүүд
                                            Алтан үнэгтэй хөөцөлдөөд
                                            Эвшээлгүй удсан нум
                                            Эмээлийн бүүрэгнээс бишүүрхээд
                                            Эртний шар нар
                                            Эрсийн мөрөн дээр зүүрмэглээд
                                            Хүн хөсгийн бараа
                                            Хүрэнтэн бэлчиж явна...

            Зохиолын үг хэллэг уран яруу, адилтгал зүйрлэл оновчтой цэцэн, утга санаа гүн тод ажээ:

                                             Улаан асга нирхийнэ,
                                             Ухасхийн цочиж харвал
                                             Нарнаас цуваад ирэх шиг
                                             Намбагар хэдэн буга...
                                             Мөсөн унжлага торхийнэ,
                                             Мөлтхөн олоод харвал
                                             Цагаахан үүлнээс унасан шиг
                                             Цасан дээр хөрвөөх чоно...
                                             Чулуу бүхний дотор
                                             Ус шуугих шиг чимээ...
                                             Чуулган уулсын цээжинд
                                             Уярал халгих шиг хүрхрээн...

             Туульст нүүдэлчин малчин ахуй, аж төрөх ёсны олон зүйлсийг гярхай ажиглаж, хурц тод, оновчтой сайхан шүлэглэн дүрслэсэн нь олонтаа тааралдаж байна. Тэдгээрээс зөвхөн нэгийг нь хэлэхэд хүннү бичиг үсэг, ном судрын тухай урьд өмнө хэн ч хэлж байгаагүйг гярхай олж харж, оновчтойгоор дүрслэн шүлэглэжээ. Нүүдэлчин ард түмэн болсон монголчууд түүхэндээ арав гаруй бичиг үсэг зохион хэрэглэсэн байдаг. Хүмүний оюуны гайхамшигт ололт болсон тэр бичиг үсгийг үүнээс өөрөөр яахин яруу сайхнаар шүлэглэн дуулах билээ:

                                               Эвшээлгэн байж татсан
                                               Тойрог бүхэн нь нум...
                                               Эгцлэн байж цацсан
                                               Зурлага бүхэн нь сум...  
                                               Бөөлөн гүйж хатгасан
                                               Бөртэ бүхэн нь од...
                                               Хэцлэн  байж цахисан
                                               Хэлхээ бүхэн нь гал...
                                               Санааны аясаар долгилсон
                                               Авиа бүхэн нь горхи...
                                               Сансрын дэгээр зохиогдсон
                                               Үсэг бүхэн нь чоно...
                                               Хүрэл бичгийн цоморлиг
                                               Хүн ханхүүгийн өмнө
                                               Эсгий өргөөний  хойморьт
                                               Эрхшээж налайх нь гайхам.
                                               Хойморьт цацсан шагай мэт
                                               Хонь хотлуулсан бууц мэт
                                               Зэрэгцээд дуулалдах өвгөд мэт
                                               Зэлэнд бужигнах унагад мэт.
                                               Хөхүүрт шуугих айраг мэт
                                               Хөндлөн хөх ноёд мэт
                                               Цахилгаан гялбах тэнгэр мэт
                                               Цай дэврээх тулга мэт.
                                               Дүрс дүрсээр дүрэлзнэм
                                               Өнгө өнгөөр алагланам
                                               Үлгэрч өвгөн мэт хүүрнэнэм
                                               Өдөт шувуу мэт жиргэнэм...

              Зохиолд утга зохиолын илэрхийллийн олон арга хэрэглүүр, хэл найруулгын уран яруу дүр дүрслэлийг оновчтой ашиглаж, монгол хэлний тансаг яруу үг хэллэг, аман болоод уран зохиолын баялаг илэрхийллийг чадамгай ашигласан нь харагдана. Тэдгээрийн нэг бол зөн билгийн дүрслэл мөн. Хүннүчүүд өөрсдийгөө чононоос гаралтай гэж үзэж, энэ тэнгэрлэг амьтныг шүтээнээ болгон дээдэлдгийг зохиолд оновчтой ашиглаж, Моодун баатрыг эхээс төрсөн цагаас хойш ямагт нэгэн чонын дүр сэтгэлд нь хоногшин дагаж, хамгаалж явдаг тухай Ц.Бавуудорж аятайхан дүрслэл сэтгэж олжээ:

                                             Төрөхөөс нь эхэлж дагасан
                                             Нөгөө л гэрэлт чоно
                                             Тоонын  дунгал дээр харин
                                             Оцойн суугаад  улинам.
                                             Ширвэж үл болох
                                             Шидэт ийм нэг дүрс
                                             Морьтой хүн шиг бараадсаар
                                             Модун хөвгүүнтэй дотносчээ.
                                             Тэнгэр андаас ирүүлсэн
                                            "Хоточ” гэж наргин бодовч
                                             Тэнгэрлиг нэгэн хүчээр
                                             Тэтгэх шиг болдогт нь эмээнэм.
                                             Унины үзүүр тэмтрэх
                                             Улаан гэрэлт чоно...
                                             Ханын толгой дамжих
                                             Хачин шидэт улиан...

            Энэ мэтээр үнэлэн дүгнэх зүйл "Хүннү туульс”-т олон байна. Эцэст нь тэмдэглэхэд Ц.Бавуудоржийн "Хүннү туульс” мянга мянганы тэртээх өвөг дээсийн маань нүүдэлчин малчин аж төрөл, нүүдлийн соёл иргэншил, үндэстэн угсаатан, улс гүрэн оршин байхын төлөөх эрин зуун дамжсан баатарлаг тэмцэл зүтгэлийг өнөөгийн бидэнд туульсын хэлбэр, өгүүлэмжээр тод томруун дүрслэн өгүүлжээ. Энэ найраглалыг уншихад зүгээр нэг ном уншиж буй төдий бус, харин малчны гэрийн хойморт тухлаад өвгөн хуурчийн хуурдан аялуулж хэлэх баатарлаг туульсын үйл явдал нүдэнд харагдаж, уухай дуудлага нь чихэнд сонордох шиг болном. Чухам үүнд л энэ бүтээлийн чадал чансаа, ид шид оршиж байгаа буй заа.
Манай бусад салбарын уран бүтээлчид, тухайлбал телевиз, радиогийнхон, кино, жүжгийнхэн, хүүхэд, хүүхэлдэйнхэн ч энэ бүтээлийг ашиглан түүхэн уран сайхны нэвтрүүлэг, хүүхдийн нэвтрүүлэг, радио, теле-зохиомж, үдшийн үлгэр, цаашилбал хүүхдийн зурагт ном, комикс зэрэг хүнд хүртээмжтэй, янз бүрийн арга хэлбэрийг сэтгэн сэдэж хийгүүштэй. 

Хэлбичгийн ухааны доктор(Ph.D) Я.Ганбаатар.

Category: Бүх мэдээлэл | Added by: HaRaH
Views: 781 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]