HaRaH

free uCoz templates
Main » Files » Бүх мэдээлэл

Эрдэмтэд уул уурхайн салбар тодорхой цаг хугацаатай гэдгийг анхааруулав
2011-11-14, 11:48 AM
-Эрдэм шинжилгээний хурал-

ШУТИС-ийн экологи, тогтвортой хөгжлийн төвөөс жил бүр "Эрдэс баялгийн цогцолборын тогтвортой хөгжил, тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хурал өнгөрсөн баасан гарагт болж өнгөрлөө. 

Хуралд 30 гаруй эрдэмтэн судлаач оролцож, өөрсдийн илтгэлээ тавьж хэлэлцүүлэв. Тухайлбал академич П.Очирбат "Эрдэс баялгийн цогцолборын тогтвортой хөгжил”, Монгол Улсын зөвлөх инженер Р.Сундуй "Монголын нүүрсний аж үйлдвэрийн хөгжлийн инновацийн стратеги”, Төрийн өмчит "Мон-Атом” ХХК-ийн Цацраг идэвхт ашигт малтмал, геологи, уул уурхайн газрын дарга Ж.Билэгсайхан "Монголын уран, газрын ховор элементийн үйлвэрлэлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв”,  МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар "Уул уурхайн мэргэжилтнүүдийн чадамж, үнэлэмжийн байдал цаашдын зорилт”, "Бороо гоулд” ХХК-ийн Боловсруулах үйлвэрийн дарга Т.Оргодол "Бороогийн үндсэн ордын ядуу агуулгатай хүдрээс алтыг нуруулдан уусгах аргаар ялгах технологи” гэсэн сэдвээр илтгэл тавив.

Эдгээрээс гадна ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн багш эрдэмтэд, мөн МУИС, МУБИС-иас ч судлаачид оролцож, өөрсдийн илтгэлийг тавьж санал санаачилгаа илэрхийлж байсан юм. 

Эрдэмтдийн дүгнэж байгаагаар өнөөдөр уул уурхайн салбар нь улс орны эдийн засаг, төсөвт үр өгөөжөө өндөр өгч байгаа боловч энэ байдал тодорхой цаг хугацаатай гэдгийг анхааруулсан. Дэлхийн түүхэнд аливаа улсын уул уурхайн салбар эдийн засгийн бодит өсөлтийг бий болгож нэг хүнд ногдох ДНБ өндөр байдаг атлаа хуваарилалт, төрөлжилт үгүй бол ядуу буурай хэвээр байх сургамж, баримт их байдаг. Тиймээс энэ салбараас орж ирэх орлогоо дараа дараагийн улсын төсвийг бүрдүүлэх салбаруудад хөрөнгө оруулалт хийх нь чухал гэдгийг тэд сануулж байв. 

Мөн УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хуулиас давсан буруу тайлбар амлалт өгч, төрийн бодлогыг гуйвуулж байгааг шүүмжилсэн. Хөдөө орон нутагт уул уурхайн төсөл хэрэгжиж эхлэхээс төгсөх хүртэл уул уурхайн үр өгөөжтэй нөлөөллийг өөртөө шингээж, бие даасан хөгжлийн баттай суурийг тавих шаардлагатай байгааг онцолж байсан юм. 

"БОРОО ГОУЛД” ХХК-ИЙН ҮЙЛДВЭРИЙН ДАРГА Т.ОРГОДОЛ: ЭНЭ ТЕХНОЛОГИЙГ СОНГОДОГ УТГААР НЬ ХЭРЭГЛЭЖ ЧАДВАЛ БАЙГАЛЬ ОРЧИНД ХАЛГҮЙГЭЭР АЛТ АВДАГ БОЛНО

Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр "Бороо гоулд” ХХК-ийн Үйлдвэрийн дарга Т.Оргодолтой уулзлаа. Энэхүү хурал дээр тэрбээр "Бороогийн үндсэн ордын ядуу агуулгатай хүдрээс алтыг нуруулдан уусгах аргаар ялгах технологи” сэдвээр илтгэл тавьсан юм. "Бороо гоулд” ХХК-ийн хувьд дэлхий нийтийн үндсэн хэрэглээ болчихоод буй нуруулдан уусгах технологийг Монгол Улсад нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.   

-Танайх нуруулдан уусгах технологийг хоёр жилийн өмнө нэвтрүүлэхээр яригдаж байсан шиг санагдаж байна. Гэтэл одоо хэр нь энэ технологийг  ашиглаж эхлээгүй байгаа гэх юм?
-Алтны үндсэн ордын ядуу агуулгатай хүдрийг нуруулдан уусгах аргаар боловсруулах нь манай улсын хувьд харьцангуй шинэ технологи. Олон улсын хэмжээнд хэрэглэдэг, сайн технологи гэдэг нь батлагдсан. 

"Бороо гоулд” ХХК 2005 оноос энэ төслийг хэрэгжүүлэх судалгаа шинжилгээний ажлыг хийж, 2009 онд техник эдийн засгийн үндэслэлээ Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулсан юм. Техник эдийн засгийн үндэслэлийг бүхий л шатны мэргэжлийн байгууллагууд шалгаж үзээд Монголын нөхцөлд хэрэглэх боломжтой гэдэг дүгнэлтийг гаргасан. Гэвч 2009 оноос өнөөдрийг хүртэл хоёр жил зургаан сарын хугацаанд ЭБЭХЯ-наас зөвшөөрөл олгохгүй байна. Манайх хүлээлтийн байдалтай байгаа. 

-Яамнаас яг юун дээр асуудалтай байгаагаа тайлбарласан биз дээ?
-Үгүй. Юун дээр гацаад байгаа нь тодорхой биш. Ямар нэгэн шалтгаан байхгүй. Тэгсэн мөртлөө зөвшөөрөл өгөхгүй байна. 

-Эрдэс баялгийн зөвлөл батлачихаад байхад яам зөвшөөрөл өгөхгүй байна гэдэг сонирхол татаж байна л даа? 
-Бид бас юун дээр гацаад эргэлзээд байгааг нь ойлгохгүй байна. Яагаад гэхээр мэргэжлийн байгууллагууд нь шалгаж үзээд ашиглах боломжтой технологи гээд дүгнэлт гаргачихсан байдаг. Бүх асуудал нь болчихсон. Гэтэл эцсийн байгууллага нь ямар ч шалтгаангүй зөвшөөрөл өгөхгүй байна. 

-Тэр шалтгааныг нь хэлээч. Танай компанийн зүгээс ямар шалтгаантай гэж ойлгож байгаа вэ?
-Мэдэхгүй. Улстөрийн ч гэдэг юм уу, яг ямар шалтгаан байгааг ойлгохгүй байна. үйл ажиллагаагаа эхэлмээр байна гэж олон удаа албан бичиг, хүсэлт гаргасан.   

-Эсвэл танайхаас мөнгө нэхээд байдаг юм уу?
-Мөнгө нэхсэн асуудал үнэхээр байхгүй. Гэхдээ л зөвшөөрөл өгөхгүй байна. 

-Нуруулдан уусгах технологийг танайхаас өөр компани хэрэглэдэг үү?
-Монголд энэ технологийг ашиглаж байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна. Нэлээд хэдэн компани судалгаа, туршилт шинжилгээний ажлууд хийгээд явж байгаа гэсэн. 

-Жишээ нь?
-Олон-Овоотын уурхайд "Их Монгол майнинг” ХХК хийж байгаа гэсэн. Зөвшөөрлөө авсан үгүй нь тодорхойгүй. 

-Энэ шинэ технологи байгаль орчинд хэр эерэг нөлөөтэй вэ. Бүр болж бүтэхгүй технологи юм уу гэхээр бас үгүй юм шиг байна лээ?  
-Бага төсвөөр байгаль орчинд хор нөлөө багатай, байгаль орчныг эргэн нөхөн сэргээх боломжтой арга. Өмнө нь ялгаж авах боломжгүй ядуу агуулгатай, бидний хаядаг байсан үлдэгдэл хүдрийг нуруулдан уусгах аргаар дахин ашиглах боломжтой болж байгаа юм. Энэ нь эдийн засгийн хувьд ч маш ашигтай. 

Гэхдээ хүмүүс энэ технологийн талаар их буруу ойлголттой байдаг. Зүгээр газар дээр баахан шороо овоолоод дээр нь цианит натри асгачихдаг гэдэг ч юм уу. Энэ бол маш нарийн боловсруулсан технологи. Эхлээд өнгөн хөрсийг нь хуулж тусгай газар хадгална. Хөрсийг хуулсны дараа өндөр нягтаршилтай 30 см орчим шавар үеэр хучиж өгнө. Цемент маягийн шавар гэсэн үг. Дээр нь өндөр нягтаршилтай тусгай зориулалтын хучаас тавина. Энэ хучаас нь маш өндөр даралт тэсвэрлэх чанартай, механикийн хувьд хэр барагтаа урагдахгүй. 

-Хучаас гээд байгаа тусгаарлах материал чинь хэр найдвартай вэ?
-Бид болохоор хулдаас гэж орчуулаад байдаг. Хулдаас гээд хэлчихээр манайхан нөгөө гэр хучдаг хулдаас, гялгар цаас, дээврийн хар цаас гэж ойлгодог. Тийм биш. Маш хатуу бөх чанартай эд. Зөвхөн нуруулдан уусгах технологид зориулж үйлдвэрлэдэг. Мөн нуруулдан уусгах технологийн талбайг тойруулан хяналтын цооног өрөмддөг. Ингэснээр доошоо цианит, натри алдагдах эрсдэлийг бүрэн хязгаарлаж өгдөг юм. Тэр цооногоос байнга дээж авч, хянах ёстой. Ерөнхийдөө тусгаарлах зориулалтын материалтай учраас доошоо химийн бодис алдагдахгүй, боломжгүй. Гэхдээ давхар хяналт тавина. Дараа нь нуруулдан уусгасан овоолгоо усаар угааж, цианитыг саармагжуулж, химийн бодисыг бүрэн цэвэрлэж хэлбэршүүлнэ. Ингээд цианитгүй болсны дараа анхны хадгалсан шимт хөрсөөрөө эргүүлэн хучиж, ургамал тарьж биологийн нөхөн сэргээлт хийдэг юм. 

-Нуруулдан уусгах технологи компанид ашигтай гэдэг нь ойлгомжтой. Тэгвэл Монгол Улсын уул уурхайн салбарт ямар ашиг авч ирэх вэ?
-Энэ технологийг сонгодог утгаар нь хэрэглэж чадвал байгаль орчинд халгүйгээр алтыг гаргаж авдаг болно. Манай улсад жижиг ордууд олон. Бага агуулгатай баяжуулах үйлдвэр барихад зардлаа нөхөхгүй, тэгсэн мөртлөө тодорхой хэмжээний алттай ийм газрууд олон байна. Тэгвэл нуруулдан уусгах технологийг ашигласнаар бага агуулгатай ийм жижиг ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэнэ. Үүний цаана ажлын байр бий болж, улсын татвар сар бүр дор хаяж нэг тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ерөөсөө л эдийн засгийн хувьд маш их үр өгөөжтэй.  

Хэрэв манайд зөвшөөрөл өгчихвөл нуруулдан уусгах технологи дээр 50 гаруй ажлын байр бий болно. Манайд үүнд бэлтгэгдсэн залуучууд олон байна. Харамсалтай нь яам зөвшөөрөл өгөхгүй байгаа болохоор эдгээр 50 гаруй залуу ажилгүй болсон. 

-Нуруулдан уусгах технологийг хэчнээн оронд хэрэглэж байгаа вэ?
-Уул уурхай өндөр хөгжсөн дэлхийн 500 гаруй уурхайд хэрэглэж байна. Австрали, Хойд Америкийн, Казахстан, Хятад мөн Африкийн гээд уул уурхай хөгжсөн орнуудад бүгд л хэрэглэдэг. 

Манайд нинжа гэдэг айхтар том шүдний өвчин бий. Мөнгөн усаар алт угааж, нөхөн сэргээлт тхийлгүйгээр байгаль орчныг сүйтгэж байна. Харин нуруулдан уусгах технологийг хэрэглэснээр энэ асуудлыг цэгцэлнэ гэсэн үг. Тийм учраас дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн технологи гэж хэлж болно.  

НУРУУЛДАН УУСГАХ ТЕХНОЛОГИЙГ ЭРТНИЙ РОМЧУУД ХЭРЭГЛЭЖ БАЙЖЭЭ

Нуруулдан уусгах технологийг анх эртний ромчууд ашиглаж байсан тухай тэмдэглэгдэж үлдсэн байна. Өнө эртний түүхтэй эл технологиор 16 дугаар зуунд хөнгөн цагаан, 17 дугаар зуунд зэсийг ялгаж авахад ашиглаж байв. Харин алтыг нуруулдан уусгах аргаар хүдрээс ялгаж авах аргыг АНУ-ын Уул уурхайн товчоо 1960-аад онд боловсруулсан байдаг аж. 1969 онд АНУ-ын Невада муж улс дахь Кортез уурхайд алтыг нуруулдан уусгах аргаар боловсруулах ажиллагааг анх явуулж байжээ. 

Одоогоор АНУ-д үйлдвэрлэж байгаа алтны ихэнх хэсгийг нь буюу 3/4-ыг Невада муж улсад үйлдвэрлэдэг бөгөөд бараг бүгдийг нь нуруулдан уусгах аргаар ялган авдаг гэнэ. Дэлхий дээрх алтны үндсэн ордоос олборлож буй алтны талаас илүү хувийг нуруулдан уусгах технологийг ашиглан үйлдвэрлэдэг гэсэн тооцоо байдаг аж. 

Нуруулдан уусгах технологийн тухай ерөнхий ойлголтыг товчхон танилцуулъя.  Уурхайгаас ирэх хүдэр эсвэл буталсан хүдэр (100 мм-4 мм хүртэл хэмжээтэй бутална). Нарийн ширхэгтэй нэвчилт муу байх тохиолдолд хүдэрт шохой эсвэл цемент ашиглан бөөнцөглөдөг. Хүдрийг автосамосвалаар эсвэл овоологч конвейерээр уусгах талбайд зөөж хураана. Ингэхдээ рН түвшинг тохируулах зорилгоор шохой хольдог. Уусгах талбайг бэлтгэхдээ ихэвчлэн ус үл нэвтрэх шавар, пластик хучаас хэрэглэнэ. Хучаасны дээр нүхэлсэн цуглуулах хоолойнууд суурилуулдаг. Хучаас болон хоолойнуудыг тодорхой хэмжээтэй буталсан дайрга дэвсэж хамгаална. Шүршигч эсвэл дусаагуур хоолойнуудыг ашиглан хүдэрт ихэвчлэн 500 ppm хэмжээтэй сулруулсан цианитын уусмал өгнө. Эхний уусгалтын хугацаа ерөнхийдөө 30-60 хоног, нийт уусгалтын хугацаа, олон удаагийн уусгалтын хугацаа нийлээд 60-120 байдаг.

Нуруулдан уусгах технологийг үйлдвэрийн аргаар боловсруулахтай харьцуулахад хөрөнгө оруулалтын зардал бага, үйлдвэрлэлийн зардал бага, дэд бүтэц байгуулах шаардлага бага (цахилгаан, ус), төслийг эхлүүлэх хугацаа богино, барилга байгууламж, тээвэрлэлтийн асуудал хялбар гээд давуу тал их бий.  

Энэхүү технологийг ордын хэмжээ бага учраас үйлдвэрийн аргаар боловсруулах зардлыг нөхөж чадахгүй, ялган авах алтны хэмжээ буурч хөрөнгө оруулалтын нэмэлт зардал, үйлдвэрийн ашиглалтын зардлыг нөхөх боломжгүй. Төслийн хувьд эрсдэл их (улстөрийн, геологийн), үйлдвэрлэл явуулах компани үйлдвэр барих хөрөнгөгүй, эрчим хүчний болон усан хангамж хязгаарлагдмал, хаягдлын далан байгуулах тохиромжтой талбайгүй, тухайн ордын хүдэр нуруулдан уусгах аргаар боловсруулахад тохиромжтой үед хэрэглэдэг юм байна. 
Category: Бүх мэдээлэл | Added by: HaRaH
Views: 455 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]