HaRaH

free uCoz templates
Main » Files » Бүх мэдээлэл

Бурхан тэнэг хүнд хүртэл аз заяадаг, нэг л өдөр сайхан ханьтай болно
2011-11-10, 0:21 AM
Бурхан тэнэг хүнд хүртэл аз заяадаг, нэг л өдөр сайхан ханьтай болно

Монголын хошин урлагийн элэглэлийн төрөлд жүжигчин А.Ихбаяр буюу Чапигийн уран бүтээл чухал байр суурь эзэлдэг. Улс төр, урлаг спортын оддыг элэглэн дуурайж ард түмнийг баясгадаг түүнийг энэ удаагийн "Уран бүтээлч” буландаа урьж, уран бүтээл болоод хувийн амьдралынх нь талаар цөөн хором ярилцлаа.

-Хүн өглөөг яаж угтана тухайн өдөр яг тэгж өнгөрдөг гэдэг. Тэгэхээр хоёулаа таны өглөөг хэрхэн угтдагаар яриагаа эхэлье?

-Мэдээж өглөө бүр өөрөөр эхлэлгүй яах вэ. Гэвч миний амьдралын ихэнх цаг хугацаа радио дээр өнгөрдөг. Дээр нь албан байгууллага, компанийн реклам, зар сурталчилгаа хийж байна. Завсар зайгаар нь энд тэнд найз нөхдийнхөө хурим найр, дайллага цайллагад уригдаад л… Ер нь л өдөр бүр амрах завгүй л өнгөрдөг дөө.

-Ингэхэд таны элэглэн дуурайх авьяас хэзээ, хэрхэн илэрсэн бэ?

-Би анх Хүүхэлдэйн театрт жүжигчин байсан. Хөшигний ард тоглодог байлаа. Хөшигний ард тоглохдоо хүүхэлдэй тоглуулж, дуу хоолойны өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай болдог. Миний бусдыг элэглэх авьяас эндээс л эхтэй байх. Настай хүн, хүүхэд, хун, галуу, мэлхий тэр ч бүү хэл төрөл бүрийн шум хийж байх шиг. Энэ бүгдээс л элэглэн дуурайх авьяас маань эхлэлтэй гэж боддог юм. Зарим нэг хүн буруугаар ойлгоод байдаг л даа. Чи унагалдай юм уу гээд. Яах вэ унагалдайг зүгээр л элэглэсэн байхгүй юу. Түүнээс биш "Унагалдай гэж хэн бэ” гэдгийг би өөрөө ч мэдэхгүй. Жаахан хүүхдүүд энэ нэвтрүүлгийг их үздэг юм байна лээ. Настай хүмүүс "Чи өөрөө ил гарахаар хүүхдийн сэтгэхүй өөрчлөгдөнө” гээд загнасан.

-Танд элэглэхээс гадна ямар нэгэн драм, кинонд хүчээ үзчих юмсан гэх бодол мэдээж байдаг л биз дээ?

-Жүжигчин хүн бүрт боддог, санадаг, мөрөөддөг дүр гэж байдаг. Миний хувьд Монголын түүхэн кинонд нэг их сайхан дүр бүтээчих юмсан гэж боддог. Харин түүхэн сэдэвтэй кинонд намайг яагаад авч тоглуулдаггүй юм бол гэж би гайхдаг. Гэхдээ хэд хэдэн кинонд чамлахааргүй жижиг дүр бүтээсэн л дээ. "Сайн уу амьдрал минь” кинонд рестораны зөөгч залууд хөөрхөн сужетэд тоглосон. Дараа нь "Помагитие нам-2” кинонд МУГЖ, талийгаач Д.Батсүхтэй хамтарч онгоцны хоёрдугаар нисгэгчийн дүрийг бүтээсэн. Мөн Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар гуайн дүүгийн хийж буй кинонд жижигхэн дүр бүтээлээ. Саяхан зураг авалт нь Хөвсгөлд болсон. Ингээд бодохоор уран бүтээлийн олз омог их байна.

-Гэхдээ таныг инээдмийн дүрээр тань үзэгчид хүлээж аваад сурчихсан. Гэнэт түүхэн кинонд тоглоод эхэлбэл их л сонин санагдах байх?

-Хүмүүс намайг хүн гэдэг талаас нь хүндэлж харьцаж байгаасай гэж хүсдэг. Миний хийсэн уран бүтээл үзэгчдэд хүрдэг боловч инээд өөрөө амьдралын хамгийн эмзэг хэсэг болж байдаг. Хүн өнөөдөр нэгнийгээ хальтраад унаж байхад "Их өвдсөн байх даа” гэж хэзээ ч, хэн ч хайрлаж, халамжилж босгодоггүй. "Ёстой гоё унасан” гээд дооглоод л инээж байдаг биз дээ.Тиймээс инээд өөрөө амьдралын хамгийн эмзэг хэсэг юм. Энэ ч үүднээс инээд, хөөртэй газар болгон ухаарал байдаг байх. Нэг ийм үг байдаг шүү дээ."Инээж чаддаггүй хүн дэлгүүр нээгээд яах юм бэ” гэж. Инээд хүнд үргэлж буян дуудаж, хурааж байдаг юм болов уу гэж би боддог.

-Элэглүүлсэн хүмүүс тантай уулзахаараа юу хэлэх юм. Экс Ерөнхийлөгч Н.Багабанди, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нараас авхуулаад…?

-Хүмүүс ингэж ярьдаг юм. Таныг анх Монгол Улсын экс Ерөнхийлөгч Н.Багабандийг элэглэж байхад барьж хорих гээд байсан гэсэн гэж ирээд л ярьдаг. Тухайн үед хэвлэлээр ч шуугиж байлаа. Гэвч миний элэглэсэн хүмүүс хэзээ ч надад "Чи ахыгаа ингэж хэллээ, тэгж доромжиллоо” гэж хэлж байгаагүй. Би элэглэсэн хүмүүстэйгээ бүгдтэй нь уулзаж байсан. Сайхан яриа, хөөрөө дэлгээд "Ах аа, эгч ээ ийм юм байгаа юм” гээд учраа хэлдэг. Тэгээд ч энэ нь нэг ёсондоо та нарт үнэгүй сурталчилгаа болж байгаа юм шүү гэж хүртэл хэлдэг л дээ. Надад юм хэлэх нь бүү хэл харин ч эсрэгээрээ "Яагаад намайг элэглэхээ боличихов оо, ахыгаа арай мартчихсан юм биш биз дээ” гэж хэлдэг шүү.

-Гэхдээ л "Н.Багабанди, Ц.Нямдорж, Б.Дашзэвэг гурав мөн ч олон жил Чапиг тэжээлээ дээ” гэсэн хошин яриа иргэдийн дунд байдаг шүү дээ?

-Яах вэ дээ. Хүмүүс ярих юмаа ярьж л байг. Хамгийн гол нь хүн үзэл бодолдоо үнэнч байх ёстой. Нэгэнт л энэ мэргэжлийг сонгож аваад уран бүтээлээ хийж байгаа тохиолдолд ямар ч хүн өөрийн гэх үзэл бодолтой байх ёстой. Хэзээ нэгэн цагт өгөөж нь ирдэг юм. Миний элэглэл бол улстөр хийж байгаа зүйл огт биш. Элэглэл өөрөө бас л нэг урлаг. Урлаг урлагтаа хамгийн том сонгодог урлаг. Яагаад гэхээр хэн хүссэн нь хүнийг элэглэж дуурайгаад байдаггүй. Элэглэл сонсож инээснээр ухаантай, боловсролтой хэд нь өөрийгөө дүгнэж, тодорхой хэмжээнд ойлголттой болж байдаг.Түүнээс гадна элэглүүлснээрээ тухайн хүн өөрөө бусдад танигддаг юм.

-Нэг хүнийг элэглэж дуурайхын тулд тухайн хүнээ судлах шаардлагатай нь ойлгомжтой. Танд элэглэхээр судалж, дуурайж байгаа хүн бий юу?

-Мэдээж байгаа. Гэвч одоохондоо нууцалж байна. Би анх СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар, МУСГЗ Б.Дашзэвэг, экс Ерөнхийлөгч Н.Багабанди, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайхан хамгийн сүүлд хүүхдийн хайртай нэвтрүүлэг "Унагалдай”-г элэглэсэн. Ингэснээр нийгэмд үзүүлж байгаа нөлөө нь юу юм гэхээр бусдыг би үнэгүйгээр сурталчилж байгаадаа баярладаг. Би элэглэл хийлээ гээд онгироод, баярлаад яваад байх биш. Ард түмэнд хүрсэн зүйлийг эргүүлээд ард түмэндээ өгч байгаа юм. Мэдээж нэг хүнийг элэглэхийн тулд хамгийн доод тал нь зургаан сар хэрэгтэй. Судлахын тулд маш их зүйлийг сонсох хэрэгтэй. Сонсоно гэдэг өөрөө мэдрэмж л дээ. Мэдээж зохиолыг, хувь хүнийг судлахгүйгээр элэглэнэ гэдэг боломжгүй. Тэр хүний хамгийн алдаатай юм нь юу байна. Уурлахаараа, инээхээрээ ямар болдог гээд л олон зүйлийг харах хэрэгтэй.

-Саяхан нэг сэтгүүл дээр таныг гэр бүлтэй болсон тухай мэдээлэл гарсан байсан?

-Манай найзын хүүхдийнх нь төрсөн өдөр болсон юм. Тэгээд найзынхаа хүүхдийг Сүхбаатарын талбай дээр салхилуулаад, тэргэн дээр нь түрээд явж байсан л даа. Түүнийг харчихаад "Чапи авгай авлаа, үр хүүхэдтэй боллоо” гээд биччихсэн байна лээ. Энэ яриа нэг талаараа бэлгэшээлтэй ч нөгөө талаасаа намайг хараад хань ижил болох гэж байсан хүүхнүүд үргэж байгаа юм биш биз гэж айж, эмзэглэж байна.

-Тийм гэж үү. Яагаад та одоог хүртэл эхнэр авч гэр бүлийн амьдрал зохиохгүй байгаа юм бэ. Та 40 нас руу жирийлгэж явна шүү дээ?

-"Нас гэдэг бол цаасан дээр бичдэг тоо, үс гэдэг бол үхэхэд хүртэл ургадаг хялгас юм” гэж боддог. Хүн настай гэрлэдэггүй, хүнтэй гэрлэдэг. Хүн сэтгэлтэй гэрлэдэг. Мэдээж энэ асуудал дээр би их эмзэглэдэг. Нэгэнт л бүсгүй хүнийг дэлгүүрээс ороод худалдаад авдаггүйгээс хойш би яах ч билээ. Намайг жүжигчин гэдэг утгаар хүүхнүүд миний чин сэтгэлээсээ хэлсэн үгийг ойлгодог ч юм уу, үгүй ч юм уу гэж заримдаа эмзэглэдэг. Яах вэ дээ би бас л амьдрах гэж яваа хүн. Настай ээж аавтай. Тэдэндээ үрийн зулай үнэрлүүлчих юмсан гэж бодогдоно. Энэ л надад хань болчих юм бол уу гээд бодож байтал одооны хүүхнүүд хүнтэй биш хөрөнгөтэй гэрлэдэг болчихож. Надад тийм хөрөнгө байхгүй юм чинь. Харин надад сайхан сэтгэл, хүнийг хайрлах хүн чанар, бусдын төлөө амьдрах урам зориг бий.

-Настай аав, ээж хоёртоо гэснээс буурлуудынхаа тухай яриач. Уншигчид таны аав, ээжийн талаар тийм ч сайн мэдэхгүй байх. Та ч нэг их яриад байдаггүй?

-Миний аав насаараа цэргийн алба хаасан хошууч цолтой, тэтгэвэрт гарсан С.Аадаг, ээж маань Сүхбаатар аймгийн Л.Шунумаа гэж сайхан хоёр буурай байна. Бид эхээс зургуулаа. Нэг дүүгээ бурханд даатгаад өгчихсөн. Би айлын дундах хүүхэд. Тэгээд ч тэр үү амьдралын хариуцлага нь ганцхан надад ногдсон юм болов уу гэж боддог. Энэ хоёр буянтнаа амьд ахуйд нь баярлуулах юмсан, зовоочихгүй сайхан амьдрахсан л гэж боддог. Ээж аавтайгаа гал голомтоо сахиад л байж байна даа. Энэ хоёрыгоо амьд сэрүүн байхад ачийг нь харуулж чадахгүй л юм шиг байна гэж бодож, харамсаж олон зүйлийг боддог. Би сайхан амьдармаар, үнэн голоосоо дурламаар байна. Миний сэтгэлийг өнгийж харсан, гал голомт асааж сайхан амьдрах бүсгүй олдох байх аа гэж залбирч явдаг юм. Бурхан тэнэг хүнд хүртэл аз заяадаг гэдэг нэг л өдөр сайхан ханьтай болох байлгүй дээ.

Category: Бүх мэдээлэл | Added by: HaRaH
Views: 569 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]